Ерөнхий сайд Н.Учрал Оюу толгойн ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж, уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэхэд эрчим хүч, суурь дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөж байна хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч гурван агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой үнэлсэн талаар мэдээлэх үеэрээ эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар тайлбарлав.
Энэ үеэрээ “Оюу толгойн ногдол ашгийн хоёр их наядыг эрчим хүч, суурь нийгмийн дэд бүтэц буюу эрчим хүч, дулааны асуудлаа шийдье гэдэг байдлаар 2027 оны төсөвт төсөвлөөд УИХ-д оруулж ирсэн. Бид эдийн засгаа тэлж, улам төрөлжүүлэх боломжуудынхаа суурийг тавина гэж Засгийн газар үзсэн” гэлээ.
Мөн тэрбээр эдийн засгийг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хэт хамааралтай байлгахгүйн тулд экспортыг нэмэгдүүлэх, дотоодын боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудыг дэмжих шаардлагатайг онцолсон юм. Ерөнхий сайдын хэлснээр, Засгийн газар төсвийн сахилга батыг баримталж, баялгийн санд хуримтлал үүсгэхийн зэрэгцээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр төслүүдийг урагшлуулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Түүнчлэн Оюу толгойн ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн бөгөөд ирэх долоо хоногоос иргэдийн саналыг авна гэлээ.









Сэтгэгдэл бичих