Улсын Их Хурлын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын зургаан гишүүн 2025 оны 6-р сарын 24-ний өдөр өргөн мэдүүлж байв.
Хуулийн төслийн зорилго нь нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийн эрхийг хамгаалах, энэхүү урамшуулал, дэмжлэгийн тогтолцоонд хамруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлахгүй байх, төрөлтийг дэмжих, хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Мөн хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт 4 ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед 3 хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, нас барсан хүүхдийг хамруулахаар эрх зүйн зохицуулалтыг тусгасан гэж танилцуулгад дурджээ.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа “Хуулийн өмнөх өөрчлөлт буюу 2024 оны 5-р сард Ерөнхийлөгчийн өргөн барьж батлуулсан хуулиар нэгээс дээш насандаа нас барсан, байгалийн гамшиг, осол зэрэг шалтгааны улмаас нас барсан хүүхдийг оруулан тооцдог болсон. Харин 1 нас хүрээгүй байхдаа эндсэн бол одон олгоход тооцохгүй үлдсэн. Бид Үндсэн хуульдаа хүнийг үндэс угсаа, нас хүйс, эрхэлсэн ажил албан тушаал зэргээр ялгаварлан гадуурхахгүй гэж заасан. Мөн хүний эрх зөрчигдөхтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр хариуцах ёстой.
Иргэнийхээ хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүрэг нь төрийн өмнө байгаа учраас орхигдсон эрхийг нь сэргээн эдлүүлэхээр хууль санаачлагчийн хувьд энэ төслийг оруулж ирж байна” гэлээ.
Эх сурвалж: ikon.mn












Сэтгэгдэл бичих