Улсын Их Хурлын 2025 оны ээлжит намрын чуулганаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 114 дүгээр тогтоолыг 2025 оны 12 сарын 12 өдөр баталлаа. Энэхүү тогтоолоор төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах, зарим арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон.
Тухайлбал, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад төрийн хяналт шалгалтын тогтолцоог оновчтой болгох, үүнтэй холбогдуулан бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжих, зөвшөөрөл олгох процессыг хөнгөвчлөх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх шаардлагатай байгаа тул дараах хууль тогтоомжийн төслийг боловсруулан Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгохоор тусгажээ. Үүнд:
-иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн хяналтын хүрээг оновчилж, хүнс, эрүүл ахуй, эм, эмчилгээний чанар, уул уурхай, газрын тос, байгаль орчин, дэд бүтэц, боловсрол зэрэг нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөх, эсхүл зөрчигдөх эрсдэлтэй үйл ажиллагаанд хяналт тавих төрийн хяналт шалгалтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
-аж ахуйн эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, өрсөлдөөнт, чөлөөт зах зээлийн эдийн засаг хөгжих боломжийг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, өмчийн халдашгүй байдал, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах хүрээнд Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл зэрэг багтаж байна.
Түүнчлэн төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгох хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан:
-эдийн засгийн салбарууд дахь аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоо, мэргэжилтнүүдийн нэгдсэн дуу хоолойг сонсох, салбарын мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, төрийн зарим чиг үүргийг мэргэшсэн байгууллагад шилжүүлэх хүрээнд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, шаардлагатай бол уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
-хүн төвтэй төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд шуурхай, хүртээмжтэй, цахим хэлбэрээр хүргэхийг үндсэн хэлбэр болгож, их өгөгдөлд суурилсан бодлого, шийдвэр гаргалтыг төлөвшүүлэх, үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх дарамтыг багасгах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор зөвшөөрөл олголтын процессыг хялбарчлан ил тод, нээлттэй зарчмыг баримтлан цахим хэлбэрт шилжүүлэн хяналтыг сайжруулах, мөн эрсдэл багатай, нэг удаагийн шинжтэй үйл ажиллагааг зөвшөөрөл шаардахгүйгээр мэдэгдэл хүргүүлээд эрхлэх боломжийг бүрдүүлэх.
-бизнесийн үйл ажиллагааг “төрийн хяналт шалгалт” нэрийдлээр хясан боогдуулдаг байдлыг таслан зогсоож, хяналтын төрлийг оновчлох, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр, төрийн албан хаагчдын орон тоог нэмэгдүүлэхгүйгээр Засгийн газар дахь хяналтын чиг үүрэгт нэгтгэж, төвлөрсөн удирдлагаар хангах арга хэмжээг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх зэрэг болно.
Ингэснээр хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэх таатай орчныг сайжруулах бөгөөд дараах үр дүнд хүрнэ гэж үзлээ:
-аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломж бүрдэнэ;
-төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өргөжнө;
-төрийн үйлчилгээг цахимжуулан, оновчилж, бүтээмж нэмэгдэнэ;
-салбар дамнасан, олон төрлийн хяналтыг нэгдсэн байдлаар төлөвлөж, үйлчилгээний чанар, стандарт, аюулгүй байдалд цогц үнэлгээ хийснээр аж ахуй нэгжийн эрсдэлийг үнэлж, хаах, боох биш зөвлөн туслах замаар үйлчилгээ, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нөхцөл бүрдэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.












Сэтгэгдэл бичих