АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Норвегийн Нобелийн хороонд гомдсон тул энх тайвны тухай бодох үүргийг цаашид хүлээхгүй гэж Норвегийн ерөнхийн сайд Йонас Гар Стёред хэлжээ. Мөн нэгэнт Нобелийн энх тайвны шагнал хүртээгүй тул Гренландыг АНУ-д нэгтгэнэ гэх заналхийллээ дахин давтсан байна. Энэ ер бусын үгээ Трамп мессежээр хүргүүлсэн бөгөөд үүнийг нь ерөнхий сайдын ажлын албаны эх сурвалж баталжээ.
Тэрбээр “Танай улс надад найман дайн зогсоосны минь төлөө Нобелийн энх тайвны шагнал өгөхгүйгээр шийдсэн тул би цаашид энх тайвны талаар бодох үүрэг хүлээхгүй. Одоо харин АНУ-д юу сайн бэ, юу зохимжтой вэ гэдгийг л бодно” гэж бичжээ.
Трампын гомдоллосон мессеж нь Норвеги болон Финландын удирдагчдаас эхтэй. Тодруулбал, Норвегийн ерөнхийн сайд Йонас Гар Стёре болон Финландын ерөнхийлөгч Александр Стабб нар Трамп руу тарифын нэмэгдлийг эсэргүүцэж байна гэсэн утгатай мессеж бичжээ. Үүний хариуд Трапм Нобелийн шагналын талаар дурдсан нь энэ юм.
Нобелийн шагналыг Норвеги улсын засгийн газар хариуцахгүй, зөвхөн Нобелийн хороо бие даан шийддэг гэдгийг Йонас Гар Стёре Трампад хэлжээ.
Дашрамд дурдахад, Трамп Гренландыг авах төлөвлөгөөг нь эсэргүүцсэн Европын хэд хэдэн оронд ирэх сарын 1-нээс 10 хувийн нэмэлт тариф ногдуулахаа мэдэгдсэн юм. НАТО-ийн гишүүн орнууд бие биенийхээ өөдөөс хүч хэрэглэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул холбоотнууд үймж сандралдаж эхэлжээ.
Гренландын төлөвлөгөөнийхөө талаар Трамп тус мессежиндээ мөн дурдсан байв. Тэрбээр “Дани улс энэ арлыг Орос, Хятадаас хамгаалж чадахгүй. Тийм байж яагаад эзэмших эрхтэй байгаа юм бэ? Цаасан дээр бичигдсэн зүйл юу ч байхгүй шүү дээ, хэдэн зуун жилийн өмнө байрлуулсан нэг завь л байгаа биз. Бид ч бас тэнд завьтай.
Би НАТО-г үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлээд л хэний ч хийгээгүй их зүйлийг эвслийн төлөө хийсэн. Одоо харин НАТО АНУ-ын төлөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй байна. Бид Гренландыг бүрэн хяналтдаа авахгүй л бол дэлхийд амар амгалан тогтохгүй нь” гэжээ.












Сэтгэгдэл бичих