М.М нь Хилийн цэргийн ангийн салбарт малын суурийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан эрхшээлдээ байгаа буюу хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.С-г 2022 оны 7 дугаар сард байнга зодож, айлган сүрдүүлсний улмаас малын суурингийн үхрийг 2022 оны 9 дүгээр сард хайж яваад Увс аймгийн … сумын 4 дүгээр багийн нутаг Б гэх газарт амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн, мөн байлдагч Б.С, Б.Б, П.Ч, Л.Б нартай цэргийн дүрмийн бус харьцаагаар харьцан зодож, хүч хэрэглэсэн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан байхдаа хохирогч Л.Б, Б.Б, П.Ч, гэрч Б.Ж нарыг мэдүүлгээ өөрчилж өгөхийг ятгаж, хүсэлт бичүүлж авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 4 дүгээр сард хэргийг хэлэлцээд: Шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Албан тушаалын байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга зодсон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн” “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон” “Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 5 жил хорих ял оногдуулж, зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 07 дугаар сард хэргийг хэлэлцээд: Шүүгдэгч М.М-д холбогдох хэргээс бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, энэ зүйлээр гэм буруутай тооцсон болон ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоолын холбогдох заалтуудыг хүчингүй болгож тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН





















Discussion about this post