Засгийн газрын шуурхай хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг өглөө.
-Энэ оны наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн 69 зуухнаас ажилд 27, бэлтгэлд 18 байгаа бөгөөд 24 зууханд засварын ажил хийж байна. Мөн 49 турбогеноратороос ажилд 24, бэлтгэл ес, 16-д нь засварын ажил хийж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд их засварт 759 нэр төрлийн ажилд 154,9 тэрбум төгрөг, техник зохион байгуулалтын арга хэмжээний 436 нэр төрлийн ажилд 91,6 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын 598 төрлийн ажилд 185,5 тэрбум төгрөг гээд нийт 1793 нэр төрлийн ажилд 432,1 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд 2025 оны наймдугаар сарын 15-ны байдлаар 64 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1,2 хувиар илүү байна.
2025-2026 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны үед оргил ачааллыг 12 дугаар сард 1800 мВт байх тооцооллыг гаргасан. Үүнийг дотоодын эх үүсвэрээс 1197 мВт, батеррей хуримтлуураас 160 мВт, салхин станцаас 30 мВт, импортоор 300 мВт-ыг хангаж, 113 мВт чадлын хөнгөлөлт, хязгаарлалт хийхээр байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мВт-ын хүчин чадалтай хоёрдугаар блокийг 12 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд тус станц ашиглалтад орсноор ямар нэгэн хязгаарлалт хийхгүй болно. Өвлийн оргил ачааллын үед нүүрсний 15 хоногийн нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж, нийт 372,9 мянган тонн нүүрсний нөөц, 2000 тонн азотын нөөцтэй байна.
Харин зүүн бүсийн хэрэглэгчдийг цахилгаан дулаанаар хангадаг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн нүүрсний нөөц бүрдүүлэлт тасраад байна. Энэ нь тус станцад нүүрс нийлүүлэгч МАК ХХК нүүрс худалдах, худалдан авах гэрээг шинэчилж, нүүрсний үнийг нэмэгдүүлэн Эрчим хүчний зохицуулах хороо руу тогтоол авах хүсэлтэй холбоотойгоор нүүрсний нийлүүлэлт тасраад байна. Тарифыг нь дахин хянаж, зөвшилцөлд хүрэх шаардлагатай байна. Мөн Бөөрөлжүүтийн станцын хоёрдугаар блокийг 12 дугаар сарын эхний долоо хоногт ажиллагаанд залгах, БНХАУ-аас шаардлагатай тохиолдолд чадал импортлох боломжийг бүрдүүлэх 220 кВт-ын хуваарилах байгууламжийг аравдугаар сарын 1-нд хүчдэл залгах, үйлдвэр компаниудын өвлийн бэлтгэлийг цаг хугацаанд нь чанартай зохион байгуулах саналтай байна.












Сэтгэгдэл бичих