Засгийн газар гэнэт хурал зарлаж дараах асуудлаар хуралдлаа.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-Гэнэт зарласан хурал болж байна. Өнөөдрийн хурлаар Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлэл хийнэ. Улсын онцгой комиссын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар С.Амарсайхан сайдаас гадна холбогдох сайд нар мэдээлэл өгнө.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Хоёр сарын өмнө Засгийн газар байгуулагдаж, холбогдох сайд нарт өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг даалгаврыг өгсөн. Ихэнх нутгаар зуншлага тааруу, гандуу байна. Цаг уурын байгууллагаас энэ өвөл хатуухан өвөл болох эрсдэлтэй байгааг анхааруулж байна. Тиймээс зуны сар шувтарч, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах шаардлагатай. Өнөөдөр гэнэтийн шуурхай хурал зарлаж, шалгаж байна. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц, хангамжид онцгой анхаарах шаардлагатай байна. Ган, зудын эрсдэлтэй аймаг, сумдад мах бэлтгэлийн ажлыг оновчтой зохион байгуулж, агуулах болон нөөцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх зэрэг намрын ажлуудаа цаг хугацаандаа сайн хийж, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар базаахыг дахин анхааруулж байна. Олон улсын нөхцөл байдал болон дотоодын хангамжийн нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ-аас нийлүүлэх шатахууны нийлүүлэлтийн асуудал үүсч, хангамж тогтворгүй болох эрсдэлтэй байгаа. ОХУ-ын Рофнефть компанийн Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орж, тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хоёр долоо хоногийн дараа эхэлнэ. Гэтэл түгжрэлээс авхуулаад хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг сайтар хангах хэрэгтэй байна. Жил бүр иргэдийн уур бухимдлыг төрүүлж байдаг утаа, ханиад томууны асуудал байна.
“ШАТАХУУНЫ ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ”
Шадар сайд С.Амарсайхан:
-Бид жил бүр ган, зудын эрсдэлийн үнэлгээг хийдэг болсон. Энэ жилийн эрсдэлийн үнэлгээг хур тунадас бага, хуурайшил өндөртэй, ган ихтэй байгаа учраас эрт буюу 2025 онд долдугаар сарын 25-ны өдөр эхний байдлаар урьдчилж авсан. Үнэлгээгээр нийт нутгийн 330 сумын 220 гаруй суманд хуурайшилт өндөр, гантай, ургамлын гарц тааруу, малын тарга тэвээргэ сайнгүй байна гэж дүгнэсэн. Тухайлбал, Өвөрхангай, Баян-Өлгий, Ховд, Дорноговь, Өмнөговь аймаг өндөр эрсдэлтэй гэсэн бол Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Төв, Дорнод, Дундговь, Баянхонгор, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймаг дунд түүнээс дээш эрсдэлтэй бол Хөвсгөл, Булган, Орхон аймаг харьцангуй бага эрсдэлтэй гэж байгаа боловч эрсдэл байна. Нийт нутгийн 60-70 орчим хувь нь эрсдэлтэй бөгөөд өвөл хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ гэж дүгнэж, аймаг орон нутгийн Шуурхай штабт хүргүүлсэн.Үүнээс үүдэж дараах арга хэмжээг авахаар төлөвлөсөн. Үүнд
-Зуншлага тааруу байгаа аймгуудын бусад боломжтой бүс нутгаас өвс тэжээлээ бэлтгэх, хадлангийн талбайг хэмжээтэй нь гаргаж өгөх, есдүгээр сарын 15-ны дотор гүйцэтгэлийг хангуулах,
-Мах бэлтгэл, малын тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр зудын эрсдэлийг бууруулж, дотоодын хэрэгцээг хангах нарийн төлөвлөгөө гаргах,
-Өвс тэжээлийн экспортыг түр хугацаагаар хязгаарлах /Нийт нутгийн 60 гаруй хувь ган зудтай байх төлөвтэй байгаа учраас дотоодын нөөцийг бүрдүүлэхийн тулд зогсоож байна/
-Отор нүүдлээр явах бэлтгэлийг хангаж, малчдад заавар зөвлөгөө өгөх, малчдын мэдээллийг цахимаар бүртгэж, гоц халдварт өвчнөөс сэргийлэх, бэлчээрийн маргаан гаргахгүй байх үүднээс анхаарах
-Бэлчээрийн даац, цаг агаарын төлөв, зудын эрсдэлийн талаар тогтмол олон давтамжтайгаар мэдээлэх
-Эрчим хүч дулааны эх үүсвэрийн талаарх бэлтгэлийг хангах
-Шатахууны нийлүүлэлтийг хийж, шаардлагатай бол бодлогын дэмжлэг авах асуудлыг танилцуулах
Иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулт үзэгдлийн үед тусламж үзүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын санхүүжилтэд анхаарах гэх мэт 16 төрлийн ажлыг зохион байгуулж, УОК-ын дэд дарга Г.Аринбуянаар ахлуулсан ажлын хэсэг хяналт тавьж ажиллаж байна.
2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа нь тодорхой байгаа учраас улсын болон орон нутгийн төсөвт нөөц хөрөнгийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ялангуяа аймаг, сумын хэмжээнд машиныхаа дугуйгаа ч нөхөж чаддаггүй байдалтай байдаг. Тиймээс аймаг, сумдад тодорхой төсөв хөрөнгийг зайлшгүй тусгах шаардлагатай. Шатахууны тогтвортой нийлүүлэлтийг баталгаажуулах шаардлагатай. ОХУ-ын баруун аймгуудын боомтоор орж ирдэг АИ-92 шатахууны хэмжээ багасч, долдугаар сард баруун аймгуудад АИ-92 шатахуун болон бусад шатахууны хангалт тасалдсан. Гэхдээ салбар яамнаас бүх зохицуулалтыг хийж, тасалдал үүсээгүй гэдгийг мэдээлсэн.












Сэтгэгдэл бичих