УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй өнөөдөр онлайн уулзалт хийлээ.
Тооцоо судалгаатай, баримт нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд Үндэсний статистикийн хорооны ‘Статистик ба Төрийн их өгөгдөл’ ажлыг эрчимжүүлж, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн суурь санг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг сануулав.
Төрийн байгууллагууд өөр өөр мэдээлэлтэй, тус тусдаа мэдээллийн сантайн улмаас төрийн зарим шийдвэрүүд зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгааг халамжийн шийдвэрүүдээс харж болохоор байна гэдгийг тэрбээр онцлов. Тухайлбал, хүнсний талон авч буй иргэдийн 30 гаруй хувь нь өөрийн эзэмшлийн автомашинтай, 4,4 хувь нь малтай байсан зэрэг бодит баримтыг дурдлаа.
Тиймээс энэ чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.












Сэтгэгдэл бичих