Улаанбаатар, Монгол Улс – АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам)-ын Жилийн ерөнхий хуралдаанд үг хэлэхдээ саяханы хууль тогтоомжийн шинэчлэлээ хоёр бодит өөрчлөлтөөр бататгахыг Монгол Улсад уриалав. Эдгээр нь, нэгдүгээрт, эцсийн шийдвэр гаргадаг маргаан шийдвэрлэх тогтолцоог бий болгох. Хоёрдугаарт, зохицуулагч байгууллагууд хуулийг тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой байдлаар хэрэгжүүлэх зэрэг юм.
Элчин сайд 2026 оныг АНУ-Монголын харилцааны түүхэн чухал жил гэж онцлоод зургадугаар сард зохион байгуулсан “Америкийн өдрүүд”, есдүгээр сард зохион байгуулсан “АНУ-ын технологийн долоо хоног” зэрэг арга хэмжээнүүдийг дурсав. Мөн Монгол болон Америк хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жил, Монгол Улсад Америкийн худалдааны танхим байгуулагдсаны 15 жилийн ой тохиох 2027 оны талаар дурдсан байна.
Элчин сайд Буанган: “Тэгэхээр нэг логик зөрчилдөөн байна” гэж хэлээд, “Бидний нөхөрлөл урьд өмнөхөөс илүү бат бэх байгаа хэдий ч Америкийн компаниуд энд бизнес эрхлэхэд бэрхшээлтэй хэвээр байна. Энэ зөрүүг арилгах нь бидний түншлэлийн хийж дуусаагүй ажил юм” гэдгийг хэлсэн үгэндээ дурдсан байна.
Элчин сайд Монгол Улсын Засгийн газрын саяхан баталсан татварын хууль тогтоомж, шинээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Ашигт малтмалын тухай хууль, энэ жил батлагдсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль тогтоомжийг сайшаалаа. Ард түмнийхээ хүртэх ёстой ажлын байр, хөгжил дэвшил, сайн сайхан амьдралыг бий болгохын тулд хүчин чармайлтаа эрчимжүүлэх ёстойг Засгийн газар нь ухамсарлаж байгааг эдгээр алхам харуулж байна гэж тэрээр хэллээ. “Гэвч цаасан дээрх хууль хөрөнгө оруулалтын орчныг өөрчлөхгүй”-г тэрээр анхааруулаад “хуулийн тэгш шударга хэрэгжилт л өөрчилнө” хэмээн нэмж хэллээ.
Эдгээр хүчин чармайлт нь амжилтад хүрэх эсэхийг шийдэх хоёр шинэчлэлийн талаар Элчин сайд тайлбарлав:
- Үр дүнтэй маргаан шийдвэрлэлт. Хувийн хэвшил хоорондын, мөн төр-хувийн хэвшлийн маргааны шийдвэр талуудын хувьд биелүүлэх боломжтой байх ёстой. Монгол Улс шинээр дугуй зохион бүтээх шаардлагагүйг Элчин сайд тэмдэглээд Монголтой төстэй орнууд амжилттай загваруудыг аль хэдийн бий болгосоныг дурдсан байна.
- Урьдчилан таамаглах боломжтой хэрэгжилт. Зохицуулагч байгууллагууд цаг ямагт аж ахуйн нэгж бүрт ижил дүрэм журмыг ижил байдлаар хэрэглэх ёстой. “Урьдчилан таамаглах боломжтой орчин гэдэг бол засгийн газраас санал болгож чадах хамгийн хямд урамшуулал юм” гээд “Улсын төсвөөс ямар ч зардал гарахгүй боловч ямар нэг татварын хөнгөлөлтөөс илүү хөрөнгө оруулалт татдаг” хэмээн тодотогжээ.
Элчин сайд эдгээр шинэчлэлийг Монгол Улсын Гуравдагч хөршийн бодлоготой холбон тайлбарлав. “Монголд оршин сууж, өсөн дэвжиж буй хөрөнгө оруулагч бүр Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлдэг” гэж тэрээр хэлээд “худалдаа арилжаанд хууль дээдлэх ёс нь зөвхөн бизнесийн хүрээний асуудал бус, үндэсний стратеги нь байх ёстой” гэдгийг хэлсэн үгэндээ дурдсан байна.
Элчин сайдын яамнаас гаргадаг 2026 оны Монгол Улс дахь Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл есдүгээр сарын 30-нд нийтлэгдсэн билээ. Хөрөнгө оруулагчдын хувьд маргаан шийдвэрлэх үр дүнгүй тогтолцоо, дүрэм журам боловсруулахад оролцогч талуудын саналыг хангалтгүй тусгадаг байдал, өмч хураалтын эрсдэл нэмэгдэж буй байдал, гадаад эдийн засгийн цочролд өртөх эмзэг байдалтай тулгарч буйг уг мэдэгдэлд тэмдэглэжээ. Мөн бодит боломжуудыг ч энд онцолжээ: Зах зээлд нэвтрэхэд Монгол Улсаас тавьж буй хязгаарлалт цөөн байдагийг, олон улсын франчайзууд хүлээгдэж байснаас илүү амжилттай ажиллаж байгааг, мөн хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар ирээдүйтэй байгааг дурдсан байна.
Энэ оны гуравдугаар сард зохион байгуулагдсан АНУ-Монгол Улсын 17 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр орны Засгийн газрууд “урьдчилан таамаглах боломжтой, ил тод бизнесийн орчин нь эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зайлшгүй чухал гэдгийг хүлээн зөвшөөрөв.”
Итгэл төрүүлэхүйц маргаан шийдвэрлэх тогтолцоог бий болгох, зохицуулагч байгууллагуудын сахилга батыг мөрдүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт дэм болоход Элчин сайдын яамтай 2027 онд хамтран ажиллахыг АмЧамын гишүүдэд Элчин сайд Буанган уриаллаа. “АмЧам болон Элчин сайдын яам заримдаа аядуухан, заримдаа чанга дуугарч байж бодит үр дүнд хүрч ирсэн” гэж тэрээр хэлээд “энэ туршлагаа эдгээр хоёр шинэчлэлд зориулцгаая” хэмээн уриалжээ. Даруухан ч гэсэн хэмжигдэхүйц ахиц гарвал “бид олон жилийн дараа анх удаа илүү өөдрөг “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, хөрөнгө оруулагчдад Монгол Улсын худалдаа, бизнесийн ирээдүйд итгэх шинэ итгэл төрүүлж чадна” гэж тэрээр нэмж хэлэв.
Эх сурвалж: Монгол дахь АНУ-ын ЭСЯ











Сэтгэгдэл бичих