Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026”-г танилцууллаа. Аймгуудыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлгээр үнэлэхэд ерөнхий дүнгээр Дархан-Уул аймаг тэргүүлж, Дорноговь, Орхон аймаг удаалав.
2026 оны өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлж, Дорноговь 96.2, Орхон 92.3, Өмнөговь 79.8, Дорнод 76.5 оноогоор удааллаа. Харин Булган 34.0, Говь-Алтай 39.4, Завхан 40.6, Төв 42.7, Дундговь 43.9 оноогоор хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн байна.

2023 оны үр дүнтэй харьцуулахад Дархан-Уул аймаг гуравдугаар эрэмбээс ахиж, ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн байна. Харин 2023 онд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан Орхон аймаг гуравдугаарт бичигджээ. Дорноговь, Өмнөговь аймгууд эхний дөрвөн байрт эрэмбэлэгдсэн байр сууриа хадгалсан бол Дорнод аймаг зургаадугаар эрэмбээс тавдугаар байрт ахисан байна.
Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээг бүрдүүлж буй үндсэн дөрвөн бүлгийн үр дүнг тус тусад нь авч үзвэл аймаг бүрийн давуу болон сул тал харилцан адилгүй байна.
Оноо өссөн аймаг: Дундговь (+9.0), Завхан (+5.0), Дархан-Уул (+4.9), Говь-Алтай (+2.7), Архангай (+1.8).
Оноо хамгийн их буурсан аймаг: Хэнтий (−26.3), Төв (−21.0), Ховд (−14.4), Говьсүмбэр (−11.9), Сэлэнгэ (−11.2).
Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь орон нутгийн хөгжлийг зөвхөн нэг үзүүлэлтээр бус, эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтцийн харилцан уялдаатай хүчин зүйлсээр үнэлдгээрээ онцлог юм.
Судалгааны үр дүн нь:
- Аймгуудын хөгжлийн түвшин, өрсөлдөх чадварыг харьцуулан үнэлэх;
- Орон нутгийн давуу болон сул тал, хөгжлийн тулгамдсан асуудлыг тодорхойлох;
- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг судалгааны мэдээлэлд тулгуурлан боловсруулах;
- Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллээр хангах;
- Аймгуудын хөгжлийн ахиц, өөрчлөлтийг цаг хугацааны явцад харьцуулан судлахад чухал ач холбогдолтой.
Эх сурвалж: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв












Сэтгэгдэл бичих