Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар 10 дугаар сарын 26-ны өдөр Минск хот дахь Тусгаар тогтнолын ордонд албан ёсны хэлэлцээ хийжээ.
“Бид өчигдөр (албан бус уулзалтын үеэр) цагийг дэмий өнгөрүүлсэнгүй. Гурван цагийн туршид хоёр талын харилцааны өнөөгийн байдлыг хэлэлцэж, хамтын ажиллагааны замын зураглалыг гаргахыг хичээлээ. Товчхондоо бол, хамтын ажиллагааг нухацтай эхлүүлэх хэрэгтэй гэж бид тохирсон. Сайн барилга барихын тулд бат бөх суурь хэрэгтэй. Тиймээс манай хамтын ажиллагааны үндэс болох гурван сайн төслийг эхлүүлэх хэрэгтэй гэж бид шийдлээ” хэмээн Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко албан ёсны хэлэлцээний үеэр мэдэгдсэн байна.
Түүнчлэн тэр бээр хоёр жилийн өмнө Улаанбаатар хотод айлчлах үеэрээ хоёр тал хамтын ажиллагаан чиглэлд албан ёсны томоохон алхмыг анх удаа хийсэн гэдгийг онцоллоо.
“Энэ удаагийн айлчлал нь бид хоёр талын хамтын ажиллагааны төлөвлөгөөг гаргаж байгаа гэдгээрээ түүхэн үйл явдал болж байна. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн өмнө Улаанбаатарт эхлүүлснээ бид дуусгаж байна” хэмээн Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгджээ.
Түүнчлэн, Монгол Улсад хэрэгтэй хөгжлийн чиглэл, хүчирхэг технологи Беларусьт байгаа, энэ чиглэлээр хамтран ажиллаж, хэд хэдэн төсөл дээр хамтран ажиллахад бэлэн хэмээн онцолсон байна. Мөн Беларусь хөдөө аж ахуйн салбарт арвин туршлагатай тул энэ салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг санал болгожээ.
Александр Лукашенко албан ёсны хэлэлцээний үеэр Беларусь болон Монгол Улс хоёулаа дэлхийн томоохон тоглогчдын дунд ордгоороо геополитикийн ижил байршилтай, энэ нь ашиг сонирхлыг нэгтгэж, хүнд, хямралтай үед өөрсдөдөө болон хөршүүддээ туслах, нэгнээ ойлгоход дөхөм болдог гэдгийг онцолсон байна.
Эдийн засгийн нөхцөл байдлын талаарх асуудлыг хөндөн ярилцахдаа Александр Лукашенко энэ жил хоёр талын бараа эргэлт өсөж байгааг нааштайгаар үнэлж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн “элсэн чихэр, ургамлын тос зэрэг бүтээгдэхүүн хомстолд орохын ирмэг дээр байгаа, сүүлийн дөрвөн жилд энэ бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа тул хомстол нүүрлэсэн нөхцөлд Беларусьт найдаж болно” хэмээсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэхийн дээр 2-3 төсөл хэрэгжүүлэх Беларусийн төрийн тэргүүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
“2029 он хүртэл хоёр талын хоорондын худалдааны хэмжээг гурав дахин өсгөхийг хүсэж байна” гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цохон тэмдэглэжээ.
Тэр бээр Беларусийн талаас трактор, комбайн болон хөдөө аж ахуйн салбарын бусад техник худалдан авах сонирхолтойгоо илэрхийлсэн байна.
Хоёр талын хамтын ажиллагааны илүү ирээдүйтэй чиглэлүүд нь хөдөө аж ахуй, аж үйлдвэр, тээвэр логистикийн салбар, хоёр талын бизнес эрхлэгчдийн холбоо харилцааг хөгжүүлэх, газрын тосны худалдаа, хөнгөн үйлдвэрлэл гэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолжээ.
Түүнчлэн, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт ч хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 2027 онд Монгол Улс, Беларусийн хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулан Улаанбаатар болон Минск хотноо Соёлын өдрүүдийг зохион байгуулж, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Эх сурвалж: Президент Республики Беларусь












Сэтгэгдэл бичих