2026–2027 оны томуугийн улирал эхэлж, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад бэлэн байдлыг хангах, дархлаажуулалтыг эрчимжүүлэх, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр үүрэг, чиглэл өгчээ.
Дархлаажуулалтын хамралтыг 90 хувьд хүргэнэ
Энэ онд улсын хэмжээнд 500 мянган хүн тун томуугийн вакцин татан авч, нийслэлд 293 мянган хүн тун хуваарилсан. Нийслэлийн дархлаажуулалтын хамралт 80 хувьд хүрсэн ч зорилтот түвшин болох 90 хувьд хүргэх шаардлагатай байна.
Иймд дархлаажуулалтыг эрчимжүүлж, ялангуяа 6 сараас 2 хүртэлх насны хүүхдийн хамралтыг 80 хувьд хүргэх, вакцинд хамрагдаагүй зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо.
Эмнэлгийн бэлэн байдлыг бүрэн хангана
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний үед ашиглах 4,000 ор дэлгэх бэлэн байдлыг хангаж, лабораторийн шинжилгээнд шаардлагатай дөрвөн сарын оношлуурын нөөцийг бүрдүүлээд байна.
Цаашид өвчлөл нэмэгдсэн үед орны хүрэлцээ, эм, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн хангамж, эмч, эмнэлгийн мэргэжилтний нөөц, зохицуулалтыг урьдчилан төлөвлөж, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг бодитой хангах шаардлагатай. Мөн өвчлөлийн тандалт, мэдээллийг сайжруулж, ачаалал нэмэгдсэн үед шуурхай хариу арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болголоо.
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг чанартай зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд 332 сургууль, 607 цэцэрлэгт түшиглэн 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажлыг 2026 оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.
Үзлэгийг тогтоосон хугацаанд чанартай гүйцэтгэж, эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай хүүхдүүдийг дараагийн шатны тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулахыг үүрэг болголоо.
Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
Хүний папиллома вирусийн (ХПВ) эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, илэрсэн өвчлөлийн эмчилгээ, хяналтыг сайжруулахад анхаарна.
Нийслэлд хэрэгжүүлж буй 90:70:90 зорилтын хэрэгжилтийг сайжруулж, төлөвлөсөн арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэн, долоо хоног бүр явц, үр дүнг тайлагнаж ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгалаа.










Сэтгэгдэл бичих