Монгол Улс 1996 оноос Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн БАТСАЙХАН багш ‘МОНГОЛД ГАРСАН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ: ДҮГНЭЛТ, СУРГАМЖ’ сэдвээр Шихихутуг их сургуульд лекц уншлаа. Нэрт түүхч, эрдэмтэн Оохнойн Батсайхан профессорын лекцийг сонссондоо Шихихутуг их сургуулийн оюутан залуус талархаж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын мэргэжилтэн Ш.Уянга болон Шихихутуг их сургуулийн удирдлага хамт олонд талархал илэрхийлье.
Хэлмэгдүүлэлт нь гэм буруугүй байхад нь ял тулгах, ажлаас халах, хавчих, нэр хүндийг нь унагах болоод улс төрийн үзэл баримтлал, гарал угсаа, шашин шүтлэг, нийгмийн байр суурь зэргээс шалтгаалан буруутгаж буй үйлдэл, үйл явдлыг хэлнэ. Товчхондоо хэлмэгдүүлэлт нь шударга ёсыг алдагдуулсан, хүний эрхийг зөрчсөн улс төр, хууль, нийгмийн дарамт, хавчлага мөн.
Оохнойн Батсайхан профессорын лекцийн онцлох эшлэлүүд… Монголын тархи оюун болсон хүмүүсийг их хэлмэгдүүлэлтийн үед жил гаруйн хугацаанд устгасан. Энэ аймшигт үйл явдал өнөөдрийн бидний оюун санааны хоосролын шалтгаан. Монголчууд нэгнээ дэмждэг, хүлээн зөвшөөрдөг ард түмэн байсан. Монголчууд аль аль нь ялах харилцааг чухалчилж ирсэн учраас үндэстний том цул болж ирсэн. Өөрөөр хэлбэл ялж, ялагдах биш аль аль нь ялах буюу харилцаандаа нэгнээ үгүйсгэхгүйгээр явж ирсэн. Социализмын үед монголчуудыг нэг нэгэнтэйгээ өрсөлддөг, нэгнээ үгүйсгэдэг, нэгнийгээ гүтгэдэг, барьж өгдөг хүн чанаргүй амьтад болгосон.
Аливаа үндэстний үнэт зүйл, өв соёл 1000 жилд тогтдог. Тэрхүү үнэт зүйлийг нь хэдхэн жилийн хугацаанд үгүй хийж болдог. Харин үнэт зүйлээ эргүүлж дахин олж авахад 1000 жил зарцуулах болно. Түүх бол тухайн үндэстний ой санамж. Монголын төрөөс тусгайлан мөнгө гаргаж, хэлмэгдлийн талаар баримтат болон уран сайхны кино хийж түмэн үед хоцроох нь хойч ирээдүйд сургамж. Монгол үндэстний үнэт зүйлсийг сэргээх, үндэстний эв нэгдлийг хангах эрхэм дээдлэгч зүйлсийн талаар монголын төрөөс шаардагдах хөрөнгийг гар таталгүй гаргаж, дэс дараатай бодлого явуулж, үндэстний дархлааг бэхжүүлэх шаардлагатай байна.



Бичсэн: Хууль зүйн ухааны доктор М.Мөнх-Эрдэнэ











Сэтгэгдэл бичих