Бага насны дагавар хүүгээ хүчиндэхийг завдаж, улмаар зодож амь насыг нь хохироосон М.Э-д бүх насаар хорих ял оноожээ. Харин хүүхдээ зодуулж байхад асран хамгаалах үүргээ биелүүлээгүй төрсөн эх Ц.Л-д хоёр жилийн хорих ял шийтгэсэн байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны зургаадугаар сарын 9-нд хэргийг хэлэлцэж, шийдвэрээ гаргасан талаар шүүхийн шийдвэрийн тоймд дурджээ.
Хэрэгт дурдсанаар, М.Э нь 2023 оны гуравдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гурван настай дагавар хүүг хүчиндэхийг завджээ. Уг үйлдлээ нуун далдлах зорилгоор зодож, амь насыг нь хохироосон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна. Мөн тэрбээр 2023 онд хүүхдийг үгэнд ордоггүй гэж удаа дараа хэрцгий харьцсан хэрэгт холбогдсон байна. Хүүхдийн төрсөн эх Ц.Л нь хүүгээ бусдад зодуулсан байхад асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлээгүйн улмаас хүүхэд тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан хэрэгт буруутгагджээ.
Шүүхээс М.Э-г бага насны хүүхдийг онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хүнийг алах, бага насны хүүхдийн эсрэг хүчиндэхийг завдах, хүүхэдтэй удаа дараа хэрцгий харьцах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Түүнд хүн амины хэрэгт бүх насаар хорих, хүчиндэхийг завдсан хэрэгт 12 жилийн хорих ял, хүүхэдтэй хэрцгий харьцсан хэрэгт гурван сарын зорчих эрх хязгаарлах ял тус тус оноожээ.
Эдгээр ялыг нэгтгэн М.Э-ийн биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг бүх насаар хорих ял байхаар тогтоосон байна. Харин Ц.Л-д эцэг, эх хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан гэмт хэрэгт хоёр жилийн хорих ял оноожээ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх











Сэтгэгдэл бичих