УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн дурсамж:
Яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ агсан, барималч С.Бадрал бид гурав…
/ барималч С.Бадралын тухай цөөн хэдэн үгийг бичихсэн хэмээж адгаж, түүний эскиз, ноорог, таталбар, тэмдэглэл сэлтийг аймшиггүйгээр онгичсоны учир энэ бөлгөө. /1994.08.10/
“Сартай шөнө толгодын бэлээр явсан зам даган шогших үес… Алсад газар сүүдэртэж энд тэнд хар тарлантан харагдах авай. Өнгөт саран үүлсийн цаагуур орох үест түнэр харанхуй бүрхэн авах нь ямар нэгэн далдын ид шидэт орчин бие сэтгэлийг минь эзэмдэх мэт… Хэн ч тайлж үл чадах үл үнэмших гагцхүү өөрөө л түүний үнэн зөвд итгэх бүтээл туурвиж буй тухай зүүдэнд орно. 1992.3.28 үүрээр…” гэж зураг, ноорог тэргүүтнийг дүүрэн таталсан түүний нэгэн дэвтрийн хуудаснаа эрээчсэнийг олж үзэв.
Дараагийн хуудсанд нь “Бодол” баримлынхаа хэд хэдэн эскиз, нооргоо зуржээ.
…Сэтгэлийн чанадахь гунигийн орноо нэгэн хөвгүүн өвдөгөө тэвэрч бодлогошрон суух авай. Эл хөвгүүнийг ажихуй ямар цагийн гуниг хөвгүүн биеийн шидийг олов хэмээн өөрөөс асуухын үес сэтгэлийн чинадад нэгэн яруу дуун эгшиглэхүйеэ сая ганцаардлын шаналант орны дээсийг хэдийнэ даван миний өмнө өвдөгөө тэврэн суусан мөнөөх хөвгүүн буй чигээрээ би мөн болохыг олж харвай. (“Бодол” баримал, Уран зургийн галерей. 1994.6.25-ны өдөр)
“БӨРТ ҮЖИН”
… “Этгээд сонин тохиолдол хүний сэтгэлд тодхон үлддэг байх. Нэгэн шөнийг дурснам. Үүлэн бороо буюу алсын алсад халуун биеэр учиралдах агшинд хоёул хамт байсан хэрнээ бид хоёр зэрэг цочин сэрээд тэгснээ учиргүй инээлдэж билээ… Амрагийн сэтгэлийг алмайруулан аглаг холын нутаг даа… (барималчийн тэмдэглэлээс)
Бүсгүй хүний сайхныг жирэмсэн үед нь хардаг хэмээсэн үг ч буй. Ер ертөнцөд хамгийн жаргалтай нь хөл хүнд эх хүн буй заа.
… “Бөрт үжин”-г удаан харахуйяа сэтгэлийн алмайруулахын үес ертөнцийн үзэмж төгс хийгээд нигүүлсэхүйн ариун шившлэг чихний тус газар өртөөлөн мэлмий бус билгийн бийрээр баясган гагц сэтгэлийн ариусал хэмээх рид хувилгаан намайг эзэмдэх бөлгөө. Жирэмсэн эх хүн гэдэг ертөнцийн нэгэн үзэмж. Ер жаргалтайн дэлгэр хэмээх нь жирэмсэн эх бөлгөө. “Бөртэ үжин”-гийн бүтсэн түүх сонин.
“1989 он, охин Бэлгүтэй төрсөн…” (барималчийн үзэсгэлэнгийн танилцуулгаас)
“Бөрт үжин”-г тэрбээр хэд хэдэн хэлбэр, хэд хэдэн төрхөөр хийсэн. Наян есөн оны намар нутгаас буцаж ирэхдээ “Бөрт үжин”-г тулгар биетэйгээ хийсэн байлаа.
Хожим мэдэхнээ тэр намар эхнэр Уранбилэг нь хөл хүнд болсон байж билээ. Уран бүтээлийн амин сүнс болох сэтгэлгээ хийгээд цаг хугацааны ид шид гэдэг энэ буюу. Жирэмсэн “Бөрт Үжин”-г зэрвэсхэн хараад өнгөрч зүрхлэх хүмүүн нэгээхэн бээр ч үгүй бөлгөө…
“90 ОН БУЮУ МОНГОЛЧУУД”
“…Ард түмний оюун санааг ямар нэг хэмжээгээр цочроож, наанатай, цаанатай бодох боломж олголоо… Одоо чиний ухаан бодол, гар хоёр чинь л мэдэх хэрэг…”
(барималчийн тэмдэглэлээс)
БАРИМАЛЧ ХҮҮРНЭХҮЙ: Монголчууд бид өөрөө өөрсдийгөө л өргөмжлөн дээдэлж, гарч ирэх учиртай. Бидний өвөг дээдсийн оюун ухаан нэгэн их оньсого бөгөөд тэгээд ч оньсон тоглоом үүнээс үүдэлтэй болов уу?
Оюун ухааны эв нэгдлээ оньслон чагталж чадвал бид дэвжин дэгжинэ…
…Энэ баримлыг харах бүхий гүн бодолд автнам Эдүгээ хэмээх нь бодох цаг болой. Их нүргээний дараахь анир чимээгүй ахуй орчин нилэнхүйг бүрхэнэ. Хүмүүс тэнгэр ширтэн бодлогоширч битүү шаналанд автмуу. Энэ бол гэгээн шаналан авай. Нэг харахад тэнгэрт зүүрмэглэх морьд мэт, нөгөө харахад тэнгэр ширтэх их хүмүүс мэт үзэгдэнэ. Бидэнд бодох цаг хэрэгтэй байна…
(“Баянговь” үзэсгэлэн. 1994.7.26-ны өдөр)
…Санкт-Петербург хот. Василийн арал. 3-р шугам. Энэ гудамжнаа Репиний уран зургийн академийн дотуур байр орших бөгөөд түүний давчуухан өрөөнд нэгэн хөвгүүн хаврын ногоог зургаантаа дэлгэрч, зургаантаа гандтал даруй будаг бэхсийн үнэрт согтууран суусан нь шадархан ажгуу.
“ТЭМЭЭНИЙ УРАЛДААН”
“Харь холын энэ хотод юм бүхэн дүнсгэр цог золбоо ч үгүй. Бүгд эс хөдлөн алгуурлах мэт ээ.
Нева мөрөн хүртэл урсаж буй нь үл мэдэгдэх бөгөөд усан толь лугаа адил… Өдийд Монголд минь хичнээн сайхан байгаа бол! Голын харгиа булгийн хоржигноон чих мялаах нь юутай сайхан байдаг билээ. …Уулын салхи хүнгэнэн хөөмийлөх… Хонь мал майлалдах нь сүлдлэг амьд ахуй орчин буюу…”
“Өнөөдөр эрмитажид нутгаас ирсэн хоёр хүнийг урлагийн ертөнцөөр замчлан явахдаа урьд өмнө ажиглаагүй зураачийн бүтээлээс нуугдан хоцорсон хэд хэдэн санаа хэллэг олсондоо олзуурхан суугаа минь энэ.
Поль Гогены хоёр зураг нүднээ тусч, түүний бодол болон суугаа дөлгөөн цагаахан дүрүүд сэтгэлийг минь өөрийн эрхгүй булааж миний монгол бүсгүйчүүдийн хэн нэгэн нь алс холын говиос минь далд нэгэн совин ид шидээр амилан энэ зургийн хүрээнээс тодрох шиг…
Номхон далайн Тайти арал дээрх хөрслөг бор царайтай намуун дөлгөөн сэтгэлт тэр хүмүүс… харь холын говь нутгийн хөвгүүний сэтгэлийг хөдөлгөн төрөлх хонгор нутгаа мөрөөдөх сэтгэл хийгээд хүүхэд насны дурдатгалд аваачих нь юу вэ? Тэгтэл бас Матиссын “Хөгжим” хэмээх зургийн хөгжмийн эгшгэнд нь уярч орхилоо. Хөгжимчид утсан дээрх болжмор хийгээд хаа нэгтээ нисэн одох гэж буй нэгэн аялгуу мэт харагдах нь юун. (барималчийн тэмдэглэлээс) 1990.12.10”
Ингэж л тэрбээр зургаан оныг үдсэн Тэр Эрмитажид өдрийг өнгөрөөн, хуучин номын дэлгүүрээр хэсч, урландаа шөнө дөл болтол суудаг зуршилтай байлаа. Эрмитаж болоод Оросын музей Дорно дахины номын сангийн алтан, мөнгөн сан хөмрөгт хадгалагддаг монголчуудын эртний түүхтэй холбогдсон зураг, түүх, судар шашдир сэлтийг цуглуулж, бичиж тэмдэглэж авсан нь их ээ.
Тэрбээр VIII зууны Уйгарын ханын зураг, XIII зууны үеийн “Хубилай хаан Японд цэрэглэсэн нь” зэрэг ховор нандин зургийг хуулбарлан зурж эх орондоо авчирсан нь их тус аа. Түүний цуглуулгад эртний Герегийн хүрэл зоос, Византын эзэнт улсын зоос Алтан ордны улсын мөнгөн, Энэтхэгийн Их Монголын үеийн мөнгө, Толстойн амьд ахуйдаа татуулсан эх гэрэл зураг, Чойжил-Дагины туужийн гар бичмэл, Өрнийн жуулчид, эрдэмтдийн гарын үсэг бүхий ном, судрууд гээд тоочиж баршгүй ихийг цуглуулж амжжээ…
Урлагт байгаа өөрийг биш өөрт байгаа урлагийг нээх…” Түүний тэмдэглэлийн дэвтрүүдийг эргүүлж суухад бичиж, тэмдэглэж, зурж, эрээчсэн нь асар их. Энэ бүхэн Бадралын л ертөнц бөлгөө. Дээрх сийрүүлсэн үгс суут билигтнүүдийн эрэлд хатсан залуу уран бүтээлчийн шаналан гэлтэй.
Бадралын тухай Бадралын тэмдэглэл л илүү ихийг хүүрнэнэ. Үүнийг эрээчин суухад манай зууны хоёр их хүний хэлсэн үг сэтгэлийг эзэмдвэй.
Орчин үеийн уран зургийн тухай ярих бүртээ чухам яагаад “Эрэл” хэмээх үгийг тодотгох болсныг би ойлгодоггүй. Минийхээр бол уран зурагт эрэл гэдэг ямар ч ач холбогдолгүй юм. “Ганц олз л хэрэгтэй… Би бээр зургаа зурахдаа юу гэж байгаагаа бус харин юу олсноо л үзүүлэхийг хүсдэг” хэмээн Пабло Пикассо бичсэн байдаг. Николай Рерих “Урлагаас хамгийн түрүүнд итгэн үнэмшүүлэхийн тулд яруу сайхнаар харах хэрэгтэй хэмээн хэлэлцдэг. Яруу сайхнаар харна гэдэг төгс төгөлдөр зохиомжийг хэлнэ” хэмээсэн нь буй.
Чухам юун учир эдгээр үгсийн сэтгэлийг эзэмдэх болсныг бүү мэд. Ямар ч атугай үүгээр сүүл хашъюу.
Залуу уран барималч С.Бадралын тухай цөөн хэдэн үгийг бичихсэн хэмээж адгаж, түүний эскиз, ноорог, таталбар, тэмдэглэл сэлтийг аймшиггүйгээр онгичсоны учир энэ бөлгөө.
Л.ЭНХ-АМГАЛАН. 1994.08.10-ны өдөр












Сэтгэгдэл бичих