Хууль зүйн сайд О.Алтангэрэлийн санаачилсан Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө орлогыг хураан авах, нөхөн төлүүлэх хууль-ийн төслийн талаар Б. Сайнбаяр тэргүүтэй залуус үзэл бодлоо ийнхүү илэрхийлж байна.
-Зарим иргэд О.Алтангэрэлийн санаачилсан хуулийг Хөрөнгө хураах хууль хэмээн тайлбарлаад байна л даа. Нөгөө “Газрыг хөл нүцгэн пролтари нарт гэдэг шиг зүйл болох вий гэсэн болгоомжлол яваад байна уу гэж бодлоо.
-Авилга дээрэм тонуул дэндсэн нийгэм иргэн бүрийн нүдэн дээр цэцэглэн хөгжиж байна. Тийм үед Баячуулын хөрөнгийн ядууст гэсэн популист уриа лоозон гарах нь дамжиггүй. Энэ чигээрээ байх аваас ядуу иргэд жагсаад Зайсангийн баячуулыг нэвт дээрэмдье гээд алхвал яах вэ. Ийм хандлагаас зайлсхийх, хардлагыг мухарлах арга зам бол О.Алтангэрэлийн санаачилсан хууль юм. Тийм учраас дэмжээд байна.
-Хөрөнгөт нийгэм байгуулах гэж байж хураах, цагдах нь зөв гэж үү?
-Баруунд ч гэсэн зэрлэг капитализмээс зайлсхийсэн биз дээ. Манайд Ямар ч хамаагүй аргаар баяжья гэсэн шоронгийн овгор хулгайчийн сэтгэлгээ явчихлаа. Мөнгө төгрөг олж байвал арга зам нь хамаагүй гэх сэтгэлгээ байж болохгүй. Соц нийгмийн эхэн үеийнх шиг хөрөнгө хураах тийм алхам хийх аваас жинхэнэ эсэргүү бослого, ардын хувьсгал гарна шүү. Хэлмэгдүүлэлт гарч мэднэ. Энэ мэт бусармаг зүйл гаргахгүйн тулд ил тод байдлаар хөрөнгө орлогоо нотлох арга замыг дэмжиж байгаа юм. Хэн хөрөнгө орлогоо нотлох вэ гэхээр улс төрчид, албан тушаалтнууд шүү дээ.
-АТГ-аас албан тушаалтан бүрээс хөрөнгө орлогын мэдүүлэг авч байгаа шүү дээ?
-Бүгд худлаа шүү дээ. Бэлэгдэлийн чанартай хэдэн адуу, уран зураг гэж бичүүлнэ. Сая нүүрсний хэргээр шоронд орсон Т.Аюурсайханы ХОМ аймшигтай зөрж байх жишээтэй. Олон тэрбумын үнэтэй жүчээгээ гэхэд хурдан удмын адуутай гээд болчихсон байгаа биз. Гэтэл нэг морь нь 75 мянган ам.доллараар худалдаж авсан байх жишээтэй. Нэг л адуу шүү дээ. Хичнээн үнэтэй адуу тэр тансаг жүчээнд байгааг хэлж мэдэхгүй. Нэгдлийн үед малын тоо дардаг шиг хурдан адуугаа дараад л өнгөрнө. Адуугаа хурдан, үржлийн, хэрэглээний гээд суурь болгоод явуулчихдаг. Тэгээд улс төрчид хурдан удмын таван адуутай гэж мэдүүлээд байдаг. Яг үнэндээ таван адууны цаад талд үржлийн гэхэд 500 адуу байж байгаа шүү дээ.
-Ихэнх улс төрчид адуутай гэдэг байх шүү?
-Бараг хөрөнгөө нуух хэрэгсэл болчихоод байгаа юм биш үү. Манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нутгийнх хүний хэлж байгаагаар бараг 1000 адуутай гэдэг юм билээ. Хэдийд ийм олон адуу өсгөчих өө. Уурын зуух, конторын жижүүр хийж байх даа адуутай болсон уу. Их эргэлзээтэй байгаа биз. Тэрэлжид явж байхад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн амралтын бааз гээд том хашаалсан газар байна. Иргэдтэйгээ уулзах завгүй Ерөнхийлөгч маань тэр газрыг ямар завандаа хашаалаад байшин гэрүүд барьчихсан юм бэ. Энэ бүхнийг тайлбарлах хэрэгтэй. Би нэг хэдэн бор дүүтэйгээ нийлээд амралт аваад барьсан юм гэдэг ч юм уу.
-Ер нь төрийн өндөрлөгүүд хөрөнгө орлогоо тайлбарладаггүй байх шүү?
-Бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд тайлбарлаж байгаагүй юм билээ. Одоогийн УИХ-ын дарга хэдэн тэрбумын үнэтэй малтай бизнестэй. Нэг бүр нь машины үнэтэй мал, жижиг сум шиг газар, тариалантай. Бас Тавантолгойн “Бор тээг”-ийн ордыг туучихсан гээд байгаа. Тэгээд бүгдийг нь жирийн иргэд асуух хэрэгтэй. Нэг хэсэг шуугиан тарьсан улс төрчид ЖДҮ-ээс авсан зээлээр компани байгуулсан, орон сууц авсан УИХ-ын гишүүд хүртэл бий. Хөгжлийн банкны зээлийн ихэнх орон сууц, машин тэрэг болсон байна лээ. Үүнийг хурааж авах эрх нээгдэх болов уу.
-Саяхан Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар унаж буй 570 машин, амьдарч буй хаусаа ямар мөнгөөр авсан гэдгэээх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байна лээ?
-Тийм хүмүүс олон бий. Тэднээр оролдох, шалгах зав байхгүй л болов уу. Бидний хувьд эхний ээлжинд хэмжээ хязгааргүй баяжсан улс төрч нараар сонсгол хийнэ. Тухайлбал энэ байшин барьсан газраа хэнээс хэдэн төгрөгөөр худалдан авав. Тэгээд цаад эзнийг гаргах боломжтой. Улс төрч нарын хөрөнгийг ил болгох нь эрлийз хурлийзаас илүү үр дүнтэй ажил. Ард түмэн ямар хөрөнгөтэй, яаж олсон гэдгийг мэдэх аваас сэтгэл хангалуун саналаа өгнө, дэмжинэ шүү. Хамгийн түрүүнд улс төрч нарын сонсгол явуулах хэрэгтэй. Бид эхний 100 хүний лист гаргана. Үүнд ямар нэг бизнес эрхлэдэггүй хүнийг оруулахгүй ээ.
-Сэжиг бүхий хөрөнгөжсөн хүнд хотын удирдлага орох уу?
-Орно. Ямар замаар ийм олон байр байшин барив. Цэвэр хөрөнгө оруулалт уу, мөнгө угаалт уу гээд асуулт гарч ирнэ. Саяхан л уранхай гуталтай явсан хороон дарга хаустай болоод зогсохгүй Ланд-300 машин сэлгэн унах боломжгүй. Ийм хардлагууд иргэн бүрт бий. Тэд хажуу айлаа орой юу идэхийг хүртэл мэдэж байдаг улс шүү дээ.
-Хөрөнгө орлогоо нотлох боломжгүй олон хүн бий шүү?
-Улаанбаатар хотын гудамжинд даацаа дийлэхгүй үнэтэй машин, уулын ам бүрт хаус хороолол сүндэрлэж байна. Үүнийг ард түмэн харж байгаа шүү. Тэд хэлээд явчихна. Наад захын жишээ хэлэхэд улс төрийн цалингаар 500 гаруй сая төгрөгийн үнэтэй машин унах боломжгүй шүү. Гэтэл үнэтэй машин унаад буй цаад шалтгаан авлига, хууль бус санхүү байгааг ойлгоод, асуугаад байна. Бид энэ бүхнийг ил тод болгох хэрэгтэй.
-Нотлох?
-Нотлож чадахгүй бол нийгэмчлэх, төрд хураалгах хэрэгтэй болно. Тийм учраас УИХ дээр сонсгол нэн түрүүнд явуулах хэрэгтэй болно. Тэр албан тушаалтан өмчөө хураалгахгүйн тулд бичиг баримтаас эхлээд гэрчээ хүртэл гаргаж ирнэ. Эхний ээлжинд УИХ дээр сонсгол явуулахыг олон нийтийн санал асуулга явуулна. Гишүүд сонсох хэрэгтэй шүү дээ. Тийм хөрөнгөтэй гээд хувьцааны тоо тавьчихдаг байдлыг биежүүлж ашиг сонирхлыг ил болгох хэрэгтэй байна.
-Жишээ хэлээч?
-Хөдөөнөөс ирсэн хоёр хүүхэд сургууль соёлоо төгсөөд яг ижилхэн Гаалийн байцаагч болсон байгаа юм. Гэтэл нэг 20 гаруй машин тэрэгтэй. 5-7 байшинтай, хадгаламжиндаа 400 мянган ам.доллартай, 50 мянган юаньтай байгаа юм. Тэр хүүхнийг шалгаад үзтэл 10 кг алт гэр хороололд хашаа байшин аваад нуучихсан. Гаалийн байцаагч хүүхнийг Онцгой байдлын газарт ажилладаг генерал гаргаад авчихсан. Тэр хүүхэн том даргын гар хөл хийдэг байжээ. Гэтэл нөгөө найз нь гэр хороололд амьдарч найзынхаа баян тарган, овсгоо сүүхээтэйг гайхан ярьж байгаа байхгүй юу. Ийм нөхдүүд улс төрд ороод ирэх жишээтэй.
Сэтгэгдэл бичих