Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ өнөөдөр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалдаг байгууллагуудыг дуудан уулзалт хийлээ. Уулзалтаар сүү боловсруулагч компаниудын үнэ нэмсэн явдлыг хэлэлцэж шалтгаангүй үнэ нэмсэн тохиолдолд эргэн буулгахыг шаардлаа.
Уулзалтын эхэнд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ‘Худалдааны байгууллагууд өөрсдөө үнэ тогтоож байгаа тохиолдол бий. Гэхдээ иргэд үүнийг сүүний үйлдвэрийн үнэ өссөн гэж ойлгож байна. Сүүний үнэ нэмэгдвэл бид үйлдвэрлэгчидтэй ярина. Худалдааны байгууллагуудтай ярихгүй шүү дээ. Тиймээс сүүний бөөний худалдан авалт тутамд урамшуулал олгодог тогтолцоотой болж, дамжуулан худалдаалах явдлыг багасгах хэрэгтэй’ гэв.
Тэрээр мөн Засгийн газраас цар тахалтай холбоотой хоёрдугаар сарын 28, дөрөвдүгээр сарын 29-нд баталсан хууль, тогтоолын дагуу үнэ нэмж болохгүй гэдгийг онцоллоо.
Харин ‘АПУ Дэйри ХХК’-ийн төлөөлөл ‘Бүхий л сүүний үйлдвэрүүд нэг ижил үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Тэгэхээр сүүний үнэ өсөж байгаа асуудал дээр худалдааны байгууллагуудтай ярих хэрэгтэй’ хэмээв.
ШӨХТГ-ын мэдээлснээр есдүгээр сарын 1-нээс хойш УИД, ‘Бөмбөгөр’ худалдааны төв дэх ‘СҮҮ ХК’-ийн сүү төрөл тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдсэн аж.
Энэ талаар “СҮҮ ХК”-ийн төлөөлөл ‘Манай компани сүүгээ ижил төрлийн бусад сүүтэй харьцуулахад 3-4 хувиар хямд борлуулдаг. Есдүгээр сарын 1-нээс бид сүүний фермерүүдээс авч байгаа сүүний үнийг 800 төгрөг байсныг 900 төгрөг болгон 100 төгрөгөөр нэмсэн. Үүнтэй холбоотойгоор худалдаалж буй бүтээгдэхүүнийхээ үнийг ижил 100 төгрөгөөр нэмсэн. Энэ нь манай үйлдвэрийн онцлогтой холбоотой олон жил болж байгаа үйл ажиллагаа. Бид үнэ нэмэхдээ хоёр болон тавдугаар сард ШӨХТГ-т хандан албан бичиг явуулсан. Харин тус газраас хариу ирээгүй учраас зөвшөөрсөн гэж ойлгосон. Албан бичигт үнэ нэмэх шалтгаан, үндэслэлийг тодорхой дурдсан’ гэв.
Монголын фермерүүдийн холбоо болон ШӨХТГ-аас ‘СҮҮ ХК’-ийн үнэ нэмсэн явдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ мэдэгдсэн ба есдүгээр сарын 8-д тус компанид Татварын ерөнхий газар, МХЕГ, ОБЕГ-ын Гамшгийн улсын байцаагч, ШӨХТГ зэрэг байгууллагын хамтарсан шалгалт хийхээр болов. Хэрэв үнийг үндэслэлгүй нэмсэн байвал 20 сая хүртэлх төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авна гэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.
‘Танайх бизнесийн байгууллага гэдгийг ойлгож байна. Цар тахлын үе биш байсан бол нөхцөл байдал өөр. Тиймээс үнээ буцааж 100 төгрөгөөр бууруулахыг шаардаж албан бичиг хүргүүлнэ’ гэж Б.Бат-Эрдэнэ хэлэв.
Монголын фермерүүдийн холбооны төлөөлөл ‘Фермерүүдийн гол худалдан авагч нь СҮҮ ХК болон АПУ Дэйри ХХК компани мөн. Гэвч фермерүүдээс бөөндөж авч байгаа сүүний үнэ 2017 оноос хойш хөдлөөгүй. Биднийг Төрөөс урамшуулал авах гэж байгаа гэсэн шалтгаанаар худалдан авах үнээ нэмээгүй. Сүүний үнэ есдүгээр сард угаасаа 900 төгрөгт хүрдэг. Өвөлдөө дунджаар 1200 төгрөг хүрдэг. Энэ бол улирлын чанартай нэмэгддэг үзэгдэл болохоос тус компаниас нэмсэн зүйл биш. Боодол өвс, импортын хивэгний үнэ нэмэгдсэн тул бид ч бас сүүнийхээ үнийг нэмэх хэрэгтэй байна’ хэмээв.
Энэ үеэр АПУ Дэйри ХХК-ийн төлөөлөл ‘Үйлдвэрлэлтэй холбоотой компанийн зардлууд цар тахлын улмаас нэмэгдсэн учраас үнээ нэмсэн байж магадгүй. Манайх болон бусад байгууллагуудад ч мөн үнээ нэмэх хэрэгцээ байна’ гэсэн бөгөөд фермерүүдийн холбоо нь сүү үйлдвэрлэгч компаниудын харьцдаг фермерүүдийг төлөөлөх байгууллага биш гэж үзэж буйгаа илэрхийлэв.

ХХААХҮЯ-ны мэдээллээр 2019 онд нийт 168,1 сая литр сүүг үйлдвэрийн аргаар боловсруулсан. Үүний 97,4 сая сүүг нь эрчимжсэн мал аж ахуйгаас, 22,6 сая литр сүүг бэлчээрийн мал аж ахуйгаас авсан бол импортоор 5,5 мянган тонн хуурай сүү авсан байна.
Засгийн газраас ‘Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг дөрөвдүгээр сарын 29-нд баталсан. Тус хуулийн Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг’ гэсэн 13 дугаар зүйлийн 2.8-д гамшгийн үед түрээсийн төлбөрийг нэмэх, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх’ хэмээн заасан.
Мөн Засгийн газраас хоёрдугаар сарын 28-нд баталсан ‘Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай’ тогтоолын 10-д “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын ерөнхий газар (Т.Бадрал), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү), Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (Б.Лхагва) нарт үүрэг болгосугай” хэмээн заажээ.












Сэтгэгдэл бичих