Нийслэлийн нийтийн тээврийн зорчигчдын ачаалал ихтэй 10 чиглэлд 20 автобус нэмж хуваарилжээ. Ингэснээр зорчигч урсгал зургаан хувиар өсөж, автобус хүлээх хугацаа таван минутаар, санал гомдол есөн хувиар буурсан байна.
Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн 137 чиглэлд 1185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэж байна. Энэ оны эхний гурван улиралд нийт 134.3 сая зорчилт бүртгэгджээ.
Мөн аравдугаар сард 105 чиглэлийн 189 автобусанд богино эргэлтийн зохицуулалт хийсэн байна.
Нийтийн тээврийн хүртээмж багатай 16 суурьшлын бүсэд судалгаа хийж, зургаан шинэ чиглэл нээх, таван чиглэлд дунд багтаамжийн автобус үйлчлүүлэх, дөрвөн чиглэлийн гаралтыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр ажилд нийт 46 автобус хуваарилах юм.
Түүнчлэн автобусны парк шинэчлэлийн хүрээнд их багтаамжийн 60 цахилгаан автобус, дунд багтаамжийн 46 автобус, сургуулийн 50 автобус нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
Сургуулийн автобусны үйлчилгээг өргөжүүлж, өдөрт тээвэрлэх сурагчдын тоог 5000-аас 9000 болгох зорилт тавьжээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс











Сэтгэгдэл бичих