Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсэгт нэмэлтээр шүүх шинжилгээний мэргэжлийн шинжээчид болон ой, ургамлын судлаачид илгээжээ. Мөн техник хэрэглэл, цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэж, хоёр нисдэг тэргээр тодорхойлсон цэгүүдэд хохирлын хэмжээг тогтоож байна.
БОУАӨЯ 2026.10.25-нд “Sentinel-2” хиймэл дагуулын 10 метрийн орон зайн нарийвчлалтай мэдээнд үндэслэн, Нөмрөгийн ДЦГ орчмын хээрийн түймэрт өртсөн талбайг зураглажээ. Үүнээс харвал тус газрын нийт талбай 587,744.1 га аж. Үүний 448,993.6 га буюу 76.4% нь түймэрт өртөж, 138,750.5 га буюу 23.6% нь түймэрт өртөөгүй байна.
Мөн Нөмрөгийн ДЦГ-ын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртжээ. Үүнийг оруулаад, тухайн зураглалд хамрагдсан нийт түймэрт өртсөн талбай 504,960.4 га болж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл дагуулын хэрэглээ, тандан судалгааны хэлтэс хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн, 10 метрийн орон зайн нарийвчлалтайгаар энэ зураглалыг гаргасан байна. Тиймээс албан ёсны баталгаат эх сурвалж гэж БОУАӨЯ мэдээллээ.












Сэтгэгдэл бичих