Олон нийтийн сүлжээнд 2026 оны гуравдугаар сарын 9-ний өдөр өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ бүлэглэн зодож буй бичлэг цацагдсан. Тус бичлэгтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Шалгалтын явцад төрийн болон хувийн хэвшлийн сургуулийн нийт найман сурагч уг хэрэгт холбогдсон болохыг албан ёсоор мэдээлжээ. Одоогоор нэр бүхий хүүхдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналтайгаар хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн хэрэгт холбогдогч Д.С-г яллагдагчаар татаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад үндэслэн яллагдагчаар татсан байна.
Хууль хяналтын байгууллагын мэдээлснээр өсвөр насныхны дундах үе тэнгийн дээрэлхэлт жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тухайлбал, 2026 оны эхний хоёр сарын байдлаар 150 гаруй хүүхэд энэ төрлийн хүчирхийлэл, дээрэлхэлтэд өртсөн гэсэн тоон мэдээлэл гарчээ.
Үүнтэй холбоотойгоор төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд сурагчдыг дээрэлхэлтээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн байна. Сургуулийн удирдлагууд сурагчидтай ил болон далд хэлбэрээр уулзалт зохион байгуулж, дээрэлхэлтийн хохирогч болсон эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах 97 дугаар сургууль дээрэлхэлтийг илрүүлэх зорилгоор сурагчдын дунд цахим асуулга явуулж эхэлжээ. Энэхүү асуулгаар хүүхдүүд өөрт тохиолдсон болон бусдад учирч буй дарамт, шахалтын талаар нэрээ нууцлан мэдээлэх боломжтой гэдгээрээ онцлог юм.
Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд хамгааллын багууд үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг Хүүхэд хамгааллын тухай хууль болон сургуулийн дотоод журам, холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна. Түүнчлэн сургуулийн орчинд гарсан зөрчил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчид болон холбогдох байгууллагуудад нээлттэй хүргэж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.












Сэтгэгдэл бичих