Ойрх Дорнодод үүссэн хямралын улмаас газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж буй энэ үед Өмнөд Солонгосын эрх баригчид шатахууны үнийг хязгаарлах түр журам гаргалаа. Уг шийдвэр баасан гаргаас хэрэгжиж эхэлжээ.
Өмнөд Солонгосын Худалдаа, аж үйлдвэр, нөөцийн яамны мэдээлснээр нефть боловсруулах үйлдвэрүүдээс шатахуун түгээх станцуудад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүнүүдэд үнийн дээд хязгаар тогтоохоор болсон байна. Харин шатахуун түгээх станцуудын жижиглэнгийн үнэ бүс нутгаас шалтгаалан өөр өөр байдаг тул жижиглэнгийн түвшинд “үнийн тааз” тогтоохгүй аж.
Худалдаа, аж үйлдвэрийн сайд Ким Чон Кван “Засгийн газар үнийг тогтворжуулах, шатахууны үнийн огцом өсөлтөөс сэргийлэхийн тулд нефтийн бүтээгдэхүүний үнийг түр хугацаанд хязгаарлахаар шийдвэрлэлээ. Ингэснээр үнийн өсөлтийн ачааллыг засгийн газар, компаниуд болон иргэдэд жигд хуваарилах боломж бүрдэнэ” гэж мэдэгдэв.
Шинэ журмын дагуу ердийн бензиний үнийн дээд хязгаарыг литр тутамд 1724 вон (ойролцоогоор 1.17 ам.доллар), дизель түлшийг 1713 вон, керосиныг 1320 вон байхаар тогтоожээ. Гэхдээ дэлхийн зах зээл дэх нефтийн үнийн хэлбэлзлээс шалтгаалан уг үнийн дээд хязгаарыг хоёр долоо хоног тутамд дахин хэлэлцэж байх юм.
Өмнөд Солонгост шатахууны үнийн дээд хязгаар тогтоосон нь 1997 оноос хойш анх удаа болж байна. Нефтийн бизнесийн тухай хуулийн дагуу эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд шатахууны үнэ хэлбэлзсэн тохиолдолд ийм арга хэмжээ авах эрхийг Аж үйлдвэрийн сайдад олгосон байдаг.
Ойрх Дорнодод хоёрдугаар сарын 28-нд дайн эхэлснээс хойш Өмнөд Солонгост бензиний үнэ литр тутамд 200 воноор, дизель түлшний үнэ 300 воноор тус тус өссөн байна.
Мөн Япон улс даваа гаргаас эхлэн стратегийн нөөцөд хадгалж байсан нефтийн тодорхой хэсгийг зах зээлд гаргахаар шийдвэрлэсэн талаар мэдээлжээ.












Сэтгэгдэл бичих