“Өнөр бүл” хүүхдийн төвд амьдарч байсан өсвөр насны долоон хүүхэд бүлэглэн зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдыг дээрэмдэж, биед нь халдан, улмаар нэг хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэгт холбогдсон талаар өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл уг хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх өсвөр насныхан бүлэглэн зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нийтийн хэв журам зөрчиж, иргэд Б, Т нарын биед халдсан нь тогтоогджээ. Мөн иргэн Ц-ийн биед халдаж, зэвсгийн чанартай зүйл ашиглан өмсөж явсан хувцас болон бичиг баримтыг нь дээрэмдсэн байна.
Үргэлжилсэн үйлдлийн хүрээнд яллагдагч Б.А нь иргэн Б-ийг хутгалж, амь насыг нь хохироосон болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна. Иймд өсвөр насны яллагдагч Б.А-д холбогдох хэргийг тусгаарлан шалгаж, зэвсгийн чанартай зүйл ашиглан хүнийг алах гэмт хэргийн зүйлчлэлээр мөрдөн шалгах ажиллагааг дуусган прокурорт шилжүүлжээ.
Ташрамд дурдахад, уг хэрэгт холбогдсон өсвөр насныхан нь “Өнөр бүл” хүүхдийн асрамж, халамжийн төвд хүмүүжиж байсан бөгөөд хэрэг гарах үед зарим нь тус төвөөс гарч явсан байдалтай байсан гэх мэдээлэл байна. Хэргийг холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.












Сэтгэгдэл бичих