АНУ-ын Вашингтон мужийн Рэдмонд хот дахь Microsoft компанийн төв байранд өчигдөр ажилчдын эсэргүүцлийн жагсаал болж, цагдаагийн байгууллага 18 хүнийг баривчилжээ.
“No Azure For Apartheid” нэртэй хөдөлгөөний хүрээнд болсон уг жагсаалд компанийн одоогийн болон хуучин ажилчид, мөн иргэний нийгмийн төлөөлөгчид оролцсон байна. Тэд Microsoft Израилийн талтай байгуулсан зарим гэрээгээ зогсоохыг шаардаж, компанийн байранд суулт хийж, хэсэгчилсэн хаалт байгуулсан тухай Рэдмондын цагдаагийн газар мэдээлжээ.
Жагсагчид Microsoft-ийн технологи цэргийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй нь хүний эрхийн зөрчилд хүргэж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Харин компанийн зүгээс аливаа гэрээ, төслийг “хууль ёсны хүрээнд, бие даасан хяналт-шинжилгээний дагуу хэрэгжүүлдэг” хэмээн тайлбарлажээ.
Цагдаагийн байгууллага жагсаалд оролцогсдыг баривчилсны дараа хэсэг хугацааны дараа сулласан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Бэлтгэсэн: Саранцэцэг












Сэтгэгдэл бичих