Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан тушаалтнуудтай 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцох цахим хурал хийлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газраар ургацын гарц тогтоох шинжилгээний ажил болон гангийн төлөв байдлын зураглалыг 10 хоног тутам гаргаж байгаа. Энэхүү мэдээгээр Баян-Өлгий аймгийн 67.6 хувь, Увс 75.3, Ховд 72.2, Завхан 35.7, Говь-Алтай 49.1, Баянхонгор 34.9, Төв 47.3, Сэлэнгэ 30, Дархан-Уул 72, Өвөрхангай 35, Дундговь 59, Өмнөговь аймгийн 30 орчим хувьд тус тус гантай болон гандуу нөхцөл байдал үргэлжилж байна.
2025 онд нийт 302.3 мянга га талбайд үр тариа тариалснаас гангийн нөлөө ихтэй байгаа Төвийн бүсэд /Төв, Сэлэнгэ, Дархан-Уул/ 182.2 мянган га-д буюу 58.5 хувь, Зүүн бүсэд /Дорнод, Сүхбаатар, Хэнтий/ 50.5 мянган га-д буюу 16.2 хувь, Баруун бүсэд /Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд/ 15.1 мянган га-д буюу 4.8 хувь нь тус тус хамрагдаж байгаагаас харахад ургацын хэмжээ олон жилийн дунджаас буурах төлөвтэй байна.

Гангийн нөхцөл байдлаас улбаалан энэ жил улсын хэмжээнд 13 сая толгой мал эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага гарсан бөгөөд мал, махын экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр салбарын яамнаас арга хэмжээ аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын авч буйг танилцуулав. Энэ жил отроор нутаглах саналыг цахимаар авах шийдвэр гарсан бөгөөд 2025 оны наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар урьдчилсан тооцоо гаргахаар төлөвлөсөн байна.
Хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд болон Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Малын удмын сангийн үндэсний төв, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар оролцов.












Сэтгэгдэл бичих