Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь бүтээн байгуулалт болох “Nexus Ev Station-Тасган” цахилгаан автомашин цэнэглэх станц Чингэлтэй дүүргийн Тасганы овоонд ашиглалтад орлоо. Тус станц нь эрчим хүчний бие даасан шийдэл бүхий цахилгаан автомашин цэнэглэх станц юм. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдавга болон холбогдох албаныхан оролцов.
Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг чиглэл нь ногоон хөгжлийг дэмжих, эрчим хүчний хараат байдлыг бууруулахад чиглэж байна. Энэ хүрээнд түлш, шатахууны импортын хамаарлыг бууруулж, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор “Ногоон өртөө” төслийг хэрэгжүүлж байна. Засгийн газраас Монгол орны хэмжээнд цахилгаан автомашинаар саадгүй зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор 150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс даяар 500 түргэн цэнэглэх цэг бүхий сүлжээ бий болгохоор ажиллаж байна.

“Nexus Ev Station-Тасган” төсөл нь 6,650 ам метр талбайд хэрэгжсэн бөгөөд олон улсын ногоон барилгын LEED Gold стандартын шаардлагад нийцсэн ногоон байгууламжийн шийдлийг нэвтрүүлсэн байна.
Тус станц нь 410 киловаттын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 300 киловаттын инвертерийн систем, 430 киловатт-цагийн хүчин чадалтай батарей хуримтлуурын системтэй. Мөн 720 киловаттын нийт суурилагдсан хүчин чадал бүхий дөрвөн цахилгаан автомашин цэнэглэх хошуутай бөгөөд автомашины төрөл, батарейн багтаамж болон цэнэгийн түвшнээс хамааран нэг автомашиныг 15-45 минутад цэнэглэх боломжтой.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдавга “Улаанбаатар хотын агаарын бохирдлын 33 хувь нь автомашинаас ялгардаг. Энэхүү үзүүлэлтийг бууруулахын тулд цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж, “Ногоон өртөө” цэнэглэх станцын тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана” гэв.
“Ногоон өртөө” төслийг үе шаттайгаар хэрэгжүүлснээр цахилгаан автомашиныг нэмэгдүүлэх, цэвэр эрчим хүчний хэрэглээг дэмжих, тээврийн хэрэгслээс ялгарах хүлэмжийн хийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.












Сэтгэгдэл бичих