Герман улсад шатахууны үнэ огцом өсч, сүүлийн жилүүдийн дээд түвшинд хүрсэн талаар албаны мэдээлэл анхаарал татаж байна. Эрчим хүчний зах зээлд үүссэн геополитикийн нөхцөл байдал, ялангуяа Ойрх Дорнод дахь зөрчилдөөн дэлхийн нефтийн нийлүүлэлтэд нөлөөлснөөр үнэ ийнхүү “тэнгэрт хадсан” гэж үзэж байна.
2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар дизель түлшний дундаж үнэ нэг литр нь 2.44 евро хүрч, дараалан рекорд тогтоож байгаа бол E10 бензиний үнэ 2.19 евро орчимд хүрч, 2022 оны дээд түвшинд ойртжээ.
Шатахууны үнийн энэхүү өсөлт нь зөвхөн Германд төдийгүй Европ даяар ажиглагдаж байгаа бөгөөд гол шалтгаан нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн чухал бүс болох Ормузын хоолойн тээвэрлэлтийн доголдол, геополитикийн хурцадмал байдалтай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна.
Үнийн огцом өсөлттэй холбоотойгоор Германы Засгийн газар шатахууны зах зээлийн хэлбэлзлийг бууруулах зорилгоор шинэ журам хэрэгжүүлж эхэлжээ. Тус журмын дагуу шатахуун түгээх станцууд өдөрт зөвхөн нэг удаа үнийг нэмэх боломжтой бөгөөд энэ нь зах зээлийн ил тод байдлыг сайжруулах зорилготой юм.
Гэсэн хэдий ч уг арга хэмжээ нь үнийн өсөлтийг бодитоор бууруулахад хангалттай нөлөө үзүүлэхгүй байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Учир нь шатахууны үнэ нь үндсэндээ дэлхийн зах зээлийн нефтийн үнээс шууд хамааралтай хэвээр байгаа бөгөөд дотоод зохицуулалт нь зөвхөн хэлбэлзлийг хязгаарлах түвшинд нөлөөлж байна.
Мөн эдийн засгийн судалгааны байгууллагуудын мэдээлснээр эрчим хүчний үнийн өсөлт нь Германы инфляц өсөх, эдийн засгийн өсөлт саарах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа бөгөөд иргэдийн амьжиргаанд шууд дарамт болж эхэлжээ.
Ийнхүү Германд шатахууны үнэ огцом өссөн нь зөвхөн дотоод асуудал бус, харин дэлхийн эрчим хүчний зах зээлийн савлагаа, геополитикийн нөхцөл байдалтай шууд холбоотой, цаашид ч тогтворжих хугацаа тодорхойгүй хэвээр байна.












Сэтгэгдэл бичих