Европын ихэнх удирдагч Иранд явуулж буй АНУ, Израилийн цэргийн ажиллагааг хязгаарлагдмал хэмжээнд дэмжихийн зэрэгцээ бүс нутагт мөргөлдөөн тэлэх вий гэдгээс эмээж, дундыг баримталсан байдалтай байна.
Гэвч Испанийн ерөнхий сайд Педро Санчез тэднээс ялгарч буй бололтой. Тэрбээр АНУ-ын дэмжлэгтэй цохилтыг ил тод шүүмжилснээрээ Цагаан ордны дургүйцлийг төрүүлсэн юм. Гэлээ гээд Санчезын засгийн газар үзэл баримтлалаасаа ухарсангүй, харин ч улам зөрүүдэлжээ.
Испани нь АНУ болон НАТО-ийн гишүүн бусад оронтой худалдаа, хөрөнгө оруулалтын нягт харилцаатай. Тухайлбал, “Amazon” компани Испани дахь дата төвүүдийнхээ хөрөнгө оруулалтыг өнгөрсөн сард 40 тэрбум орчим ам.доллараар нэмжээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн жил даруй дөрвөн сая америк хүн Испанид аялжээ.
Испанийн өмнөд хэсгийн Рота болон Моронд АНУ-тай хамтарч ашигладаг томоохон цэргийн байгууламжууд бий. Эдгээр цэргийн баазыг Иранд цохилт өгөхөд ашиглахыг нь Испани зөвшөөрөөгүйгээс улбаалаад хоёр улсын хооронд хамгийн сүүлд маргаан үүссэн билээ. Трамп өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ Испанитай худалдааны харилцаагаа таслана гэж заналхийлсэн юм. Тэрбээр “Бид хүсэх л юм бол тэнд байгаа баазуудыг ашиглаж чадна. Зүгээр нисч очоод л ашиглачихна. Ашиглаж болохгүй гэж бидэнд хэн ч хэлэхгүй” гэжээ.
Уг заналхийллээс хойш 24 цаг ч болоогүй байхад Санчез түүнд хариу барьж, “Дайнд үгүй гэж хэлье” гэсэн мэдэгдлийг үндэсний телевизээрээ хийжээ. Тэрбээр АНУ, Израилийн цохилтыг бодлогогүй бөгөөд хууль бус гэж нэрлээд, “Испани улс хэн нэгний өшөө авалтаас айсандаа дэлхий дахинд хор хөнөөлтэй, өөрсдийн эрх ашиг, сонирхолд харшилсан зүйлд орооцолдохгүй. АНУ олон сая хүний амиар аз туршсан тоглоом тоглож байна” гэжээ.
Мөн “Удирдагчид ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах үүрэгтэй” гэж хэлсэн нь Трампыг дайруулсан үг бололтой.
“Энэ үүргээ биелүүлж чадахгүй байгаа удирдагчид дайны утаа ашиглан алдаагаа нууж, цөөн хэдэн хүний халаасыг дүүргэдэг нь хүлээн зөвшөөрч боломгүй зүйл” гэж тэр хэлсэн байна.
Худалдааны заналхийллийн дараа Испани улс АНУ-ын армитай хамтран ажиллахыг зөвшөөрсөн гэж Цагаан ордон мэдэгдсэн боловч Мадрид үүнийг тэр дор нь няцаажээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Хосе Мануэл Албарес “Ойрхи Дорнодын дайн, Ираны бөмбөгдөлт болон бааз ашиглах асуудал дээр манай байр суурь огт өөрчлөгдөхгүй” гэж мэдэгдсэн байна.
ЕВРОПЫН АЦАН ШАЛАА
Трамп Цагаан ордонд Германы канцлер Фридрих Мерцтэй уулзах үеэрээ Испанийг заналхийлсэн. Мерц энэ үед хар цагаан дуугараагүй нь Европын Трамптай харьцах харилцааны нэг дутагдалтай талыг илчилж байна.
Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш Европын удирдагчид ерөнхийдөө түүнд тал засч, заримдаа буулт хийж, зөөлрүүлэхийг хичээх болсон. НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рутте хүртэл нэгэнтээ “Аав заримдаа хатуу ширүүн үг хэллэг ашиглах хэрэгтэй болдог” гэж хэлж байв. Гэхдээ тэд зарим үед улаан шугам татсан нь ч бий. Тухайлбал, Гренландыг авах гэсэн Америкийн санаархлыг тэд хатуу шүүмжилж, байр сууриа илэрхийлсэн.
Энэ удаад Европын орнууд өөрийн нутаг дэвсгэр дээрх цэргийн баазыг АНУ-д ашиглуулах эсэх дээр байр сууриа илэрхийлэх шаардлагатай болж байна.
Трамп өнгөрсөн амралтын өдрөөр хэвлэлд яриа өгөхдөө Герман болон Италийг хамтран ажилласных нь төлөө магтан сайшаажээ. “Би Италид хайртай. Жоржиа Мелони бол гайхалтай удирдагч” гэж тэр хэлсэн.
Их Британийн хувьд нөхцөл байдал илүү эргэж хургасан ээдрээтэй байна. Цэргийн бааз ашиглах АНУ-ын хүсэлтэд Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер эхлээд татгалзсан ч сүүлд нь зөвшөөрсөн. Гэсэн ч энэхүү “үнэ цэнтэй” зөвшөөрөл нь Трампын сэтгэлийг хөдөлгөөгүй.
Трамп “Бид ямар Уинстон Черчиллтэй хэлэлцээ хийх гээд байгаа юу?” гэж Стармерыг дайруулан хэлжээ.
Мөн тэрбээр “Бидний аугаа холбоотон, магадгүй бүх цаг үеийн хамгийн аугаа нь болох Их Британи улс Ойрхи Дорнод руу нисэх онгоц тээгч хөлгөө илгээхээр эцэст нь нухацтай бодож буй бололтой. Зүгээр дээ, ерөнхий сайд Кейр Стармер. Бидэнд хэрэггүй. Гэхдээ бид санаж явах болно. Биднийг хэдийнэ ялчихаад байхад нэгдэх гэсний хэрэггүй” гэсэн юм.
Санчезын хувьд Трамптай холбоотой олон ч асуудал дээр байр сууриндаа бат зогсч байсан нэгэн. Гренландыг авах, Хятадтай харилцах харилцаа, батлан хамгаалахын зардал зэрэг асуудал үүнд багтана. 2035 он гэхэд батлан хамгаалахын зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувьд хүргэнэ гэх Трапмын санааг Санчез өнгөрсөн нэгдүгээр сар эсэргүүцсэн. Үүний хариуд Трамп “Испаничууд яачихаад байгааг мэдэхгүй юм. Тэд үнэгүй аялахыг л хүсээд байгаа бололтой” гэжээ.
Угтаа бол Санчезыг ерөнхий сайд болсноос хойш Испани улс батлан хамгаалахын зардлаа гурав дахин өсгөсөн аж.
Санчезын хувьд Трамптай тэрсэлдэнэ гэдэг эрсдэлтэй алхам. Нөгөө талаар эмзэг эвслийн засгийн газартаа зүүн төвийн дэмжлэгийг бэхжүүлсэн ухаалаг улс төр ч болж магадгүй юм.
“Ipsos” судалгааны фирмийн мэргэжилтэн Пако Камас Гарсиа түүний талаар хэлэхдээ “Санчез дотооддоо давуу тал олж авахын тулд гадаад бодлогыг ашиглаж байна. Олон улсын тавцан түүнд манлайллын мэдрэмж, стратегийн тодорхой байдлыг илэрхийлэх боломжийг олгодог” гэжээ.
Пако Камас Гарсиагийн хэлснээр Испани дахь Трампын нэр хүнд бүх цаг үеийн түүхэн доод түвшиндээ хүрээд байгаа аж. Өнгөрсөн сард явуулсан судалгаанаас харвал Трампын нэр хүнд ердөө 16 хувьтай байна. Хэрвээ сөрөг хүчин Санчезыг шүүмжилбэл тэд эргээд өөрсдөө Трампыг дэмжсэн мэт харагдах эрсдэлтэй юм. Санчез одоогийн Ираны дайныг Иракын дайнтай харьцуулж буй. Үнэндээ түүний Социалист нам Иракын дайны эсрэг үзэл баримтлалтай байсан нь 2004 оны сонгуульд ялалт байгуулах гол хүчин зүйл болж байжээ.
Эцэст нь Испани бол Европын дөрөв дэх том эдийн засаг. Трамп Испанийн эдийн засагт заналхийлэх нь бодит байдал дээр тийм ч сүртэй аюул биш байх магадлалтай. Испанийн гадаад худалдааны ердөө таван хувь нь л АНУ-тай холбоотой. Үүний зэрэгцээ Европын Холбоо ялгаварлан гадуурхалтад өртсөн аливаа гишүүнээ хамгаалах үүрэгтэй байдаг.












Сэтгэгдэл бичих