Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Шинжээчдийн ассамблей Ням гаригт (2026.03.08) Можтаба Хаменеиг тус улсын дээд удирдагчаар томилсон байна.
Тэрбээр АНУ-Израилийн Иранд хийж буй цэргийн дайралтын эхэн үед амиа алдсан Аятолла Али Хаменеигийн хоёр дахь хүү юм.
Можтаба Хаменеиг Исламын хувьсгалт харуулын корпустай нягт холбоотой гэж үздэг. Түүнийг дараагийн дээд удирдагч болно гэдэгт олон хүн итгэлтэй байсан аж. Төрийн телевизийн хөтлөгч уг шийдвэрийг зарлахдаа “дайны хүнд нөхцөл байдал болон энэхүү алдартай байгууллагын эсрэг дайснуудын шууд заналхийллийг үл харгалзан гаргасан” гэж мэдэгдсэн байна. Шинжээчдийн ассамблей “Исламын системийн удирдлагыг сонгож, танилцуулах үйл явц нэг ч хором зогссонгүй” гэж мөн онцлон тэмдэглэжээ. Дараа нь хөтлөгч “Аллах Акбар, Аллаху Акбар, Хаменеи бол удирдагч” гэж хашхирсан байна.
АНУ болон Израиль улс Ираны шийдвэрийн талаар хараахан тайлбар хийгээгүй байгаа ч уг томилгоог эсэргүүцэх өндөр магадлалтай. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны шинэ удирдагчийг сонгох үйл явцад оролцохыг хүсч байсан юм. Тэрбээр өмнөх дээд удирдагчтай холбоотой хэн нэгэн удирдлагыг гартаа авахад татгалзахгүй гэж хэлж байсан ч Можтаба Хаменеиг эсэргүүцэж байгаагаа тодорхой илэрхийлсэн.
“Хаменейгийн хүү миний хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй” гэж Трамп энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн юм.
Томилгооноос хэдхэн цагийн өмнө Трамп өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр засгийн эрхэнд гарсан хүн удаан ажлаа хийж чадахгүй гэж хэлсэн байна. Хаменеигийн хоёр дахь хүүг шинэ дээд удирдагчаар батлахаас өмнө Израиль улс анхааруулга гаргаж, талийгаач Аятоллагийн “залгамжлагч бүрийг үргэлжлүүлэн онилох болно” гэж мэдэгджээ. Ааваасаа ялгаатай нь 56 настай Можтаба олон нийтийн өмнө төдийлөн гараад байдаггүй. Тэрбээр хэзээ ч засгийн газрын албан тушаал хашиж байгаагүй, олон нийтийн өмнө үг хэлж, ярилцлага өгч байгаагүй бөгөөд түүний цөөн тооны зураг, видео бичлэг л цахим сүлжээнд нийтлэгдсэн байдаг.
1969 оны есдүгээр сарын 8-нд зүүн хойд хэсэгт орших Машхад хотод төрсөн Можтаба бол Али Хаменеигийн зургаан хүүхдийн хоёр дахь нь юм.
Тэрбээр Тегеран дахь шашны Алави сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, 17 настайдаа Можтаба Иран-Иракийн дайны үеэр хэд хэдэн богино хугацаанд цэргийн алба хаасан байна. Дараа нь 1999 онд шашны судалгаагаа үргэлжлүүлэхийн тулд Шиагийн шашны чухал төв гэж тооцогддог ариун хот Кум руу явсан.
Түүний талаарх мэдээлэл олон нийтэд хомс ч аавынхаа засаг захиргаанд нөлөө бүхий хүн гэдэг цуурхал их байсан. “WikiLeaks”-д 2000-аад оны сүүлээр нийтлэгдсэн мэдээлэлд түүнийг “хөшигний ард байгаа хүч” гэж тодорхойлсон байв. Мөн Можтабаг дэглэм доторх “чадварлаг, хүчирхэг удирдагч” гэж өргөнөөр үздэг байсан гэж “Associated Press” мэдээлэв. Түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон, Басиж цэргийг удирдсан, Исламын хувьсгалт гвардын корпус (IRGC)-тай нягт холбоотой байсан гэж буруутгаж байсан. 2019 онд Можтабад эцгийнхээ томилсон эсвэл өмнөөс нь үйл ажиллагаа явуулсан бүлгийн нэг хэсэг гэж тооцож, АНУ-аас хориг арга хэмжээ авсан байна.
АНУ-Израилийн Иранд хийсэн дайралт хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Иран хариуд нь АНУ-ын холбоотнууд болон бүс нутгийн өмч хөрөнгөд цохилт өгч хариу арга хэмжээ авч байна. Уг мөргөлдөөний улмаас Ираны 1332 энгийн иргэн амиа алдаж, хэдэн мянган хүн шархадсан гэж Ираны НҮБ-ын элч Амир Саид Иравани мэдэгдэв.












Сэтгэгдэл бичих