Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнууд 2026 оны гуравдугаар сарын 2-нд гаргасан мэдэгдэлдээ Ойрхи Дорнодын бүс нутагт өрнөж буй үйл явдал, мөн Ираны нутаг дэвсгэрт өгч буй цэргийн цохилтод гүнээ түгшиж байгаагаа илэрхийллээ. Тус байгууллагын зүгээс хүч хэрэглэхийг зөвшөөрөх боломжгүй бөгөөд үүссэн зөрчлийг яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэл, талуудын хууль ёсны эрх ашгийг харгалзан олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон НҮБ-ын дүрмийн зарчмуудын хүрээнд энхийн замаар шийдвэрлэх ёстой гэж онцолсон байна.
Мэдэгдэлд Ираны бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатайг тэмдэглээд, бүс нутгийн нөхцөл байдлыг улам хурцатгах аливаа үйл ажиллагаанаас татгалзахыг бүх талд уриалжээ. Түүнчлэн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй нөхцөл байдлын эсрэг НҮБ болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг ШХАБ-ын гишүүн орнууд мэдэгдэлдээ дурдсан байна. Мөн халдлагын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, Ираны Засгийн газар болон ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Гэсэн хэдий ч бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал хурцдаж буй энэ үед ШХАБ-ын гишүүн орнуудын дунд байр суурийн тодорхой ялгаа ажиглагдаж болзошгүй талаар шинжээчид анхааруулж байна. Учир нь тус байгууллагын яриа хэлэлцээний түнш орнууд болох Бахрейн, Катар, Кувейт, Саудын Араб, АНЭУ зэрэг Персийн булангийн орнууд бүс нутгийн мөргөлдөөнд шууд болон шууд бусаар оролцож буй талуудын нэг болж байгаа юм. Мөн ажиглагчийн статустайгаар элсэх хүсэлт гаргасан Израиль Ирантай хурцадмал харилцаатай хэвээр байгаа нь байгууллагын дотоод дипломат тэнцвэрт байдалд нөлөөлж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Нөгөө талаар ШХАБ-ын зарим гишүүн орнууд бүс нутгийн асуудалд өөр өөр байр суурь илэрхийлж эхэлжээ. Тухайлбал, Казахстан Ираны цохилтод өртсөн Персийн булангийн орнуудтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн нь ШХАБ-ын нийтлэг мэдэгдэлтэй тодорхой хэмжээнд зөрчилдөж болзошгүй алхам болсон гэж ажиглагчид тайлбарлаж байна.
Мөн ШХАБ-ын гол гишүүн орнуудын нэг Энэтхэг бүс нутгийн асуудалд өөр байр суурь баримталж байгаа нь анхаарал татаж байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Израильд айлчилж, хоёр улсын стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэхээ илэрхийлсэн нь геополитикийн тэнцвэрт байдалд нөлөөлөх хүчин зүйл болж буй талаар олон улсын шинжээчид дүгнэж байна. Энэ үеэр Энэтхэг, Ойрхи Дорнод, Европыг холбох худалдааны шинэ коридор байгуулах санаачилга дэвшүүлсэн нь бүс нутгийн эдийн засаг, геостратегийн өрсөлдөөнд шинэ өнгө аяс нэмж байгаа юм.
Үүнтэй зэрэгцэн ШХАБ-ыг үндэслэгч БНХАУ бүс нутгийн эрчим хүчний нийлүүлэлт тогтворгүй болох эрсдэлийг анхааруулж, Ормузын хоолой болон газрын тос, байгалийн хийн экспортын чухал дэд бүтцэд цохилт өгөхгүй байхыг Иранаас дипломат шугамаар шаардсан тухай мэдээлэл гарч байна. Дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн томоохон хэсэг энэ бүс нутгаар дамждаг тул мөргөлдөөн өргөжвөл олон улсын эрчим хүчний зах зээлд ноцтой нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж шинжээчид анхааруулж байна.
Ийнхүү ШХАБ албан ёсоор Ойрхи Дорнодын хурцадмал байдлыг энхийн замаар шийдвэрлэхийг уриалж, Ираны бүрэн эрхт байдлыг дэмжсэн байр суурь илэрхийлсэн ч гишүүн орнуудын геополитикийн ашиг сонирхол харилцан адилгүй байгаа нь бүс нутгийн хямрал тус байгууллагын дотоод нэгдэл, дипломат бодлогод шинэ сорилт авчирч болзошгүйг шинжээчид онцолж байна.












Сэтгэгдэл бичих