• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ж.ЧИНБҮРЭН: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛСАН МӨНГӨ БОЛГОН ХҮНИЙ АМЬ АВАРДАГ БАЙХ ЁСТОЙ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-27
Ангилал: Нийгэм, Эрүүл мэнд
Ж.ЧИНБҮРЭН: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛСАН МӨНГӨ БОЛГОН ХҮНИЙ АМЬ АВАРДАГ БАЙХ ЁСТОЙ
Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар робот төхөөрөмж ашиглан мэс засал хийгээд удаагүй байна. Мэс заслын салбарт нэвтэрч буй сүүлийн үеийн энэхүү дэвшил нь таныг салбарын сайдын албыг хаших үетэй давхцаж буйгаараа онцлогтой. Шинэ технологийн давуу тал юу вэ?

Өвдсөн иргэнээ хугацаа алдалгүй зөв оношилж, оновчтой эмчилгээ хийх технологи, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ Монгол Улсад нэвтэрсэн. Мэс засалд хиймэл оюун ухаан, робот ашигласан тухайд бол, жишээ нь дэлхий даяар гар утасны шинэ загвар худалдаанд гармагц тэр бүтээгдэхүүн Монголын зах зээлд зэрэгцэн зарагдаж, монгол хүн хамгийн сүүлийн гар утасны загвар ашиглаад явж байдаг. Яг үүн шиг монголчууд эрүүл мэндийн салбарын технологийн дэвшлийг хоцорч биш зэрэгцэн ашигладаг байх ёстой юм. Тиймээс 2025 онд Хавдар судлалын үндэсний төвд анх удаа, анхны робот мэс заслын хагалгаа хийлээ. Энэ үйл явдал орчин үеийн технологи Монгол Улсад нутагших эхний алхам боллоо. Нөгөө талаар хиймэл оюун ухаан, инновац шингэсэн дэвшилтэт технологи бүхий робот төхөөрөмжөөр мэс засал хийх нь эмчийн ажлыг илүү хялбаршуулж, эмчилгээг илүү үр дүнтэй болгож байгаагаараа онцлогтой.
Робот технологи ашигласан анхны мэс засал амжилттай болсон. Давуу тал болон хүндрэлтэй зүйл нь юу байв?
Бид роботоор анх удаа цөсний хүүдий авах хагалгаа хийсэн. Хагалгаанд орсон хүний маань цөсний хүүдийг тэжээдэг элэгний артери буруу хөгжилтэй. Энэ бол нийтлэг биш ховор тохиолдол. Мөн элэг нь эрүүл биш, С вирусийн архаг халдвартай. Элэгний артерийн буруу хөгжил тухайн хүндээ үйл ажиллагааны алдагдалгүй ч байрлалын алдаа нь мэс заслын эмч нарт маш төвөгтэй. Тайралт хийх үед алдаа гарах магадлалтай байдаг. Ийм хагалгааг бид дэвшилтэт технологийн тусламжтай хийсэн. Роботоор мэс засал хийх нь дурангийн хагалгаанаас илүү үр дүнтэй байсан. Энгийнээр хэлэхэд, дурангийн мэс хагалгаа дөрвөн тал руугаа тэгш хэмийн хөдөлгөөнд хийгддэг. Робот бол хүний гар шиг уян, гарын бугалгаар бүрэн хөдөлж, бүх төрлийн үйлдэл хийдэг. Олон цаг үргэлжлэх нарийн мэс ажилбарын үед шаардах юмсыг бариад зогсож буй туслах эмч нарын маань гар эцдэг. Роботод бол гар эцэх, цуцах, чичрэх гэсэн ойлголт үгүй. Яг бариад байрандаа л байж байдаг. Мөн харц нь 3D буюу наана, цааныг ялгаж харна. Энэ нь мэс ажилбарыг алдаагүй, оновчтой, цаг хугацаа алдахгүй хийх боломжийг бүрдүүлж байна. Ер нь бол аль болох эмчээс гарах алдааг багасгаж чадаж л байвал тэр сайн технологи. Үүний жишээ болгож Монгол Улсад робот мэс заслыг нэвтрүүллээ.

Робот мэс засал эрүүл мэндийн салбарт дэвшил авчирч чадсан гэж дүгнэж болно. Дэлхий ертөнц хурдтай өөрчлөгдөж байна. Орос, Украины мөргөлдөөн болон бусад улс оронд гарч буй олон улсын зөрчилдөөнийг харахад дроны дайн тэргүүлэх байр суурь эзэлж байна. Виртуал ертөнцөд дрон удирдаж буй хүмүүс нь дандаа залуучууд. Технологи аль ч салбарт ингэж хөгжиж байна. Манай залуус ч компьютер сайн тоглодог, виртуал ертөнцтэй маш сайн харилцаж сурсан. Тэр утгаараа дуран болон робот мэс заслыг хурдан сурах хандлагатай байна. Дурангаар хагалгаа хийдэг байсан эмч нарын хувьд ч роботоор хагалгаа хийх нь боломжгүй зүйл биш. Гэхдээ робот технологитой харьцахад тодорхой хэмжээний хүч, хөдөлмөр, сургалтын цаг хугацаа зарцуулж байна.
Эмч хүн, тэр тусмаа хавдрын мэс заслын эмч салбарын сайдаар ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарт итгэх иргэдийн итгэлийг сэргээх тал дээр та ямар бодлого барьж байгаа вэ?
Эрүүл мэндийн салбар эмнэлгийн тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэнд гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, өвчнийг эрт үед нь оношилж, иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролд анхаарах зорилт бол нийгмийн эрүүл мэндийн бүрэлдэхүүнд багтдаг. Нөгөө талаар санхүүгийн дарамтгүй байх нь Монгол Улсын эмнэлгийн тусламжийн нэг хэсэг. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд ард иргэдийн салбартаа итгэх итгэл хамгийн чухал. Иргэд эмнэлэгтээ, эмчдээ итгэж байвал эмчилгээний 20 хувь нь бараг биелж байна гэсэн үг. Бид зөв онош тавиад, эмчилгээний тактикаа зөв тодорхойлж чадвал эмчилгээний үр дүнгийн 50 хувь. Үлдсэн 30 хувь нь эмчийн чадвар, эмнэлгийн чадлаас хамаардаг. Тиймээс энэ бүрэлдэхүүний гол цөм болдог иргэдийнхээ эрүүл мэндийн салбартаа итгэх итгэлийг олж, тэднийгээ олноор нь гадагш явуулж, эмнэлэг хайлгадаг биш, Монголдоо эмчлүүлэх тогтолцоог хэрэгжүүлэх нь яамны гол бодлого, зорилт юм.
Монгол Улсад өвдсөн хүмүүсийг хугацаа алдалгүй зөв оношилж, оновчтой эмчилгээ хийх технологи, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хурдтай нэвтэрсээр байгаагийн илрэл бол робот мэс заслын технологи.
Үүний суурь бол өнгөрсөн 20 гаруй жилийн турш хөгжүүлж нутагшуулсан дурангийн мэс засал эмчилгээ. Гадна дотнын маш олон эмч, профессор тусалж, манай эмч нар хичээнгүйлэн суралцсаны үр дүнд өнөөдөр 21 аймгийн Эрүүл мэндийн төв бүгд дурангийн мэс засал хийх боломжтой болсон. Өмнө нь цөс авах хагалгаа хийхийн тулд бид маш том зүсэлт хийдэг байсан бол одоо гуравхан нүх гаргаад авах ёстой зүйлээ дурангаар авч, өвчтөнөө хоёр хонуулаад эмнэлгээс гаргадаг болсон. Энэ бол дэвшил мөн.

Эрт илрүүлэг бол иргэд хүлээдэг, зориод очдог үйлчилгээ болж чадсан. Энэ ажил 2026 онд үргэлжлэх үү?

Эрт илрүүлэг 2026 онд ч үргэлжилнэ. Ер нь эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө бүр хүний амь авардаг байх ёстой.
Тиймээс бид эрт илрүүлгийн тогтолцоог илүү оновчтой болгоно. Жишээ нь, ходоодны хорт хавдрыг илрүүлэхэд дурангаас өөр оновчтой шинжилгээ гэж үгүй. Үүнтэй зэрэгцээд авч байгаа цус, шээсний шинжилгээ нь ходоодны хавдрыг илрүүлэхэд мэдээллийн ямар ч ач холбогдолгүй. Монголд зонхилон тохиолддог хавдруудыг илрүүлнэ гэж байгаа бол яг түүнд чиглэсэн шинжилгээг л хийх ёстой. Ходоодны хавдрыг ходоод дурандах замаар илрүүлнэ. Энэ тохиолдолд улаан хоолойн өвчлөлийг давхар уншина. Яагаад гэвэл энэ хоёр шинжилгээ нэг замаар явна. Мөн хүн бүрд элэгний хорт хавдрын шинжилгээ хийх шаардлагагүй. Элэгний В, С вирусийн архаг халдвар тээгчтэй хүн л хавдраар өвдөх эрсдэлтэй болохоос биш вирусгүй хүн ямар ч эрсдэлгүй. Тэгэхээр бид эхлээд бүх иргэнээсээ элэгний В, С вирусийн шинжилгээ авч, зөвхөн В, С вирустэй хүмүүсдээ л элэгний хорт хавдрын нарийвчилсан шинжилгээ хийнэ.

Умайн хүзүүн хорт хавдар ч ижил. Хөхөнцөр вирусийн халдвартай эмэгтэй л энэ хавдрыг тээх магадлалтай. Тиймээс хөхөнцөр вирусийн шинжилгээ авч, цааш умайн хүзүүний хавдрын шинжилгээ хийх шаардлагатай юу, үгүй юү гэдгийг тодорхойлоод, шаардлагатай хүндээ шинжилгээ хийнэ гэх мэт ЭМЯ-ны бодлогыг зөв болгохыг зорьж, төлөвлөгөө гаргаад дуусаж байна. Ингэснээр ач холбогдолгүй шинжилгээнд гарч байгаа зардлыг хэмнэж байгаа хэрэг. Лабораторийн ачааллыг бууруулж, эмчилгээнд хамрагдах хүний тоог цөөрүүлж, угаас хүрэлцдэггүй хөрөнгөө дэмий үрэхгүй эдийн засгийн хувьд ч үр өгөөжтэй шийдвэр болно. Эрүүл мэндийн бодлого нь илүү оновчтой, зарцуулсан мөнгө бүр хүний амь авардаг байх ёстой гэдэг талаас харж, илрүүлэх найдвартай аргачлалаа л ашиглана. Түүнээс биш лабораторийг дэмжих гэж байгаа юм шиг мөнгийг сул урсгахгүй. Ерөөсөө л өвчнийг аль болох эрт, оновчтой илрүүлж, эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллахыг зорьж байна.

Зарим хөгжилтэй оронд зүрхний шигдээсээр хүн нас барахаа больсон, Монгол Улс ч энэ түвшинд хүрэх ёстой
Эрүүл мэндийн салбарт Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн ажил ямар шатанд явж байна. Эндээс ямар үр дүн гарна гэж хүлээж байгаа вэ?

Монгол Улсын 21 аймаг, бүх суманд яаралтай, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болох нь ЭМЯ-ны гол бодлогын нэг. “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төсөл бол иргэн хаана амьдарч буйгаас үл хамааран харвалт, гэмтэл, осол, эрчимт эмчилгээний тусламж авч чаддаг, ийм тогтолцоог бүрдүүлэх зорилготой эхэлсэн төсөл. Монгол Улс зээлжих зэрэглэл сайжирч, Азийн хөгжлийн банкнаас хамгийн сүүлийн удаа нэн хөнгөлөлттэй зээл авах боломж гарч ирснийг ашигласны үр дүнд энэ төсөл хөдөлсөн. Энэ бол Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоногт багтаж хийсэн Эрүүл мэндийн яамны хамгийн том төсөл. Зээлийн хэлэлцээрийг Засгийн газар баталгаажуулж, УИХ соёрхон баталсан.

Монгол Улс жилд 18 мянган иргэнээ алддаг. Гуравны нэг нь буюу 6000 амь насыг аварч болох өвчин, осол гэмтлээр алддаг. Энэ бол асар их тоо. Түргэн тусламж иргэндээ түргэн хүрч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж чадвал 6000 амь насыг аврах боломжтой. Эдгээр хүмүүс гол төлөв харвалт, шигдээс, зүрх судасны өвчин, осол гэмтэл авсан хүмүүс. Энэ төсөл 21 аймагт зэрэг хэрэгжиж эхлэх үед яаралтай, амь тэнссэн үеийн тусламж авах шаардлагатай хүнийг сумаас аймгийн төв рүү, аймгийн төвөөс Улаанбаатар руу зөөдөг тогтолцоо үгүй болох юм.

Мөн эрчимт эмчилгээний орны тоо нэмэгдэнэ. Энэ бол ялангуяа хүүхдийн нас баралтыг бууруулах чухал ач холбогдолтой. Монгол Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 130-140 ор байдаг. Манайх арван мянган хүнд ногддог орны тоогоор дэлхийд тэргүүлдэг. Тэр ор нь чанартай юу гэхээр үгүй. Бидэнд үнэндээ амь нас авардаг ор хамгийн чухал болохоос амарч, сувилуулдаг ор чухал биш. Сая ханиад томуу, улаан бурхнаар олон хүүхэд өвдөж хүндэрлээ. Хүүхдүүдэд эрчимт эмчилгээний тусламж үзүүлж байж амь насыг нь аварсан. 2025-2026 оны өвлийн томуу, томуу төст өвчний халдвар одоо ч үргэлжилж байгаа. Бид энэ үеэр нэг ч хүүхдийг эмнэлгийн коридорт хэвтүүлсэнгүй. Вакцинжуулалтаа маш сайн хийсэн. Иргэд маань ч вакцинд маш хариуцлагатай 99 хувь хамрагдсан. Эндээс эрчимт эмчилгээний ор яагаад чухал вэ гэдгийг харж болох байх.

Төслийн нийт өртөг хэд вэ. Тэр хөрөнгөөр ямар бүтээн байгуулалт, дэд бүтэц хийгдэх бол?

Нийт 225 сая ам.доллар буюу 800 гаруй тэрбум төгрөгөөр хэрэгжих төсөл. Энэ хөрөнгөөр бүх аймгийн Эрүүл мэндийн төвийг зүрхний титэм судас бөглөрсөн эсэхийг харж оношлох ангиографийн аппараттай болгож, зүрхний судсанд үүссэн бөглөөсийг арилгах эмчилгээ, цус харвалтын үед тархин дахь цусны даралтыг буулгах хагалгаа хийдэг мэргэшсэн багтай болгох юм. Мөн эрчимт эмчилгээний тасагтай, яаралтай, амь тэнссэн үеийн түргэн тусламжийн төвтэй болно. Хоёр жилийн дараа 21 аймгийн Эрүүл мэндийн төвийг шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжөөр хангаж, хүний нөөц, барилга байгууламжийг бэлдэж, хатуу болон зөөлөн дэд бүтэцтэй болгосон байна. Мөн улсын хэмжээнд явдаг 130 эмнэлгийн түргэн тусламж үйлчилнэ. Тэднийг Старлинкд холбож, дотроо байнгын интернэт, вэб камертай, түргэний машин дотор суурилуулсан дэлгэцээр төвөөс яаралтай түргэн тусламжийн үед авч хэрэгжүүлэх эмчилгээний зөвлөгөө өгүүлж, аймаг, сумдад үйлчлэх яаралтай, амь тэнссэн үеийн тусламжид гаргах юм.

Орон нутгийн 130 түргэн тусламжийг дэмжих Дуудлагын удирдлагын төв Улаанбаатарт ажиллаж, долоо хоногийн турш, амралтын өдөр ч 24 цагийн турш түргэний эмч нарт зөвлөгөө өгнө. Жишээ нь, орон нутагт хэн нэг иргэн мориноос унаад хавиргаа хугаллаа гэж бодъё. Хугарсан хавирга дотогшоо хальсаа нэвтлэн цоолж ороход уушги тэлж чадахгүй, агшдаг. Уушги тэлэхгүй, амьсгалж чадахгүйгээс болж үхэлд хүрэх эрсдэл үүсдэг. Уг нь яг тэнд нь ганц гуурс тавиад, даралт буулгаад өгөхөд тэр хүн аврагддаг. Ийм ганцхан үйлдэл л хүний амийг авардаг. Ийм тохиолдол гарлаа гэхэд Улаанбаатар дахь Дуудлагын удирдлагын төвийн жижүүр эмч нар нөхцөл байдлыг камераар харж, хянаж байгаад түргэний эмчид “Маш хурдан энд хатга” гэж зааж, чиглүүлээд өгөхөд осолд орсон хүн аврагдана. Тэгэхээр энэ төслийг хүний амь нас эрсдэж мэдэх үеийн тусламж үйлчилгээг Монгол Улс даяар хэрэгжүүлэх гол ажил гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол Эрүүл мэндийн салбарыг шат ахиулах, иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах чиглэлд хийж буй том ажлын нэг.

Танай салбарын хөрөнгө оруулалт 2026 онд 5.5 дахин нэмэгдсэн. Хөрөнгө оруулалтад зарцуулсан мөнгөнөөс салбарын цалинг нэмчихгүй яасан юм бол гэсэн асуулт нэг хэсэг өрнөлөө. Салбарын сайдын хувьд энэ шүүмжийг сонссон байх гэж бодож байна?

Урсгал зардал, хөрөнгө оруулалт хоёр тусдаа ойлголт. Бид урсгал зардалд хүрэхгүйгээр гаднын хөнгөлөлттэй зээлээр салбартаа хоёр том бүтээн байгуулалт эхлүүлсэн. Нэг нь дээр өгүүлсэн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төсөл. Нөгөө нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд баригдах Зүрх судасны төв. Бүтээн байгуулалт нь Европын сэргээн босголтын банкны 34 сая ам.долларын зээл, Люксембургийн вант улсын 24 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хийгдэж байна. Гэхдээ үүнийг салбарын удирдлага санамсаргүй төсөл бичээд гэнэт шинэ юм эхлүүлсэн гэж ойлгож болохгүй. Өмнө нь дурдсан 21 аймагт бүрдүүлэх яаралтай тусламжийн тогтолцоо, шинээр баригдах Зүрх судасны төв, Улаанбаатар дахь Дуудлагын удирдлагын төв гурав хоорондоо нягт уялдаатай ажиллах, салбарын нэгдсэн шүтэлцсэн тогтолцоо байх юм. Бид ийм нэгдсэн бодлогоор л зүрх судасны өвчнийг ялна. Зүрх судасны өвчнөөр иргэдээ алдаад баймааргүй байна шүү дээ.

Зарим хөгжилтэй оронд зүрхний шигдээсээр хүн нас барахаа больсон. Монгол Улс ч сайн технологи нутагшуулж, ийм хэмжээнд хүрэх ёстой. Үүний суурь нь сая өгүүлсэн хяналтын нэгдсэн тогтолцоо. Түргэн тусламж очсон даруйдаа судсан дотуурх болон бүлэн хайлуулах эмчилгээг суманд, аймагт нь цаг алдахгүй хийнэ. Энэ тогтолцоо хэрэгжээд эхлэхээр яаралтай тусламж авч чадахгүй байсаар нас бардаг, хөдөлмөрийн чадвараа алддаг хүний тоо хамаагүй буурна. Цус харвалт, зүрхний шигдээс болсон хүмүүс маш хүнд байдалд ордог. Тал харваад тахир дутуу болж, таяг барихдаа тулдаг, зарим нь ярьж чадахгүй болдог. Энэ төсөл бол ийм хүнд байдлаас гарах том бодлого, хүнийг үхэлд хүргэх нь бүү хэл, тахир дутуу болгохгүй эмчлэх боломжийг бүрдүүлнэ.

Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, гол зорилго бол эрсдэлийн даатгал байдаг. Тиймээс салбар иргэдийн амь нас эрсдэж мэдэх, хөдөлмөрийн чадвараа алдаж болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэх бодлого руугаа түлхүү явна гэж ойлгох хэрэгтэй.
Иргэд E-Mongilia систем рүү нэвтэрч “Эрүүл мэнд” цэсээс эмийн үнийн мэдээлэл авч, хяналт тавьдаг болсон
Эмийн чанар, хүртээмжийн асуудал олон жил иргэдийн бухимдлыг төрүүлж ирсэн. Энэ асуудлыг та өмнөх парламентын үед сүрхий хөндөж байсан. Одоо анхаарал тавьсан хэвээр байгаа юу?

2020-2024 онд парламентын гишүүн байхдаа би Монгол Улсад эмийн үнэ өсөх шалтгаан, нөхцөл байдал, эмийн чанар, үнэ, нийлүүлэлттэй холбоотой асуудлыг судлан шалгах УИХ-ын Эмийн түр хороог ахлан ажилласан. Үүний дараа ДЭМБ-ын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Монгол Улсад Эмийн чанарын хяналтын лавлагаа лаборатори барих ажил эхэлсэн. Улсын хэмжээнд зах зээлд зарагдаж буй бүх эмийн чанарыг бодитой шинжлэх лаборатори ирэх гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоногт багтаан Эрүүл мэндийн яам эмийн үнийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж амжлаа. Одоо манай иргэд E-Mongоlia систем рүү нэвтэрч “Эрүүл мэнд” гэсэн цэс рүү орж, эмийн үнийн мэдээлэл авч хэвших хэрэгтэй.

Вэб рүү ормогц таны байгаа байршлыг тойрсон таван км-ийн радиус дотор байрлаж буй бүх эмийн сан, таны хайсан эмийг аль эмийн сан ямар үнээр худалдаалж байна вэ гэх мэт бүх мэдээлэл гарч ирнэ. Em.hds.gov.mn вэб сайтаас бас үзэж болно. Эндээс хэрэгцээтэй эмээ хайж, хайсан эм байхгүй тохиолдолд ижил төстэй эм сонгох боломжтой. Бүх эм хайрцгийн зурагтайгаа, тухайн эмийн зааврыг нь монгол хэлээр үзэх боломж бүрдсэн. Эмийн сангуудын тариф И-баримттайгаа байршиж, өдөр тутам шинэчлэгдэж байна. Энэ систем нэвтрээд хоёр сар гаруй болсон. Үүнээс өмнө эмийн сангуудад худалдагддаг зарим эмийн үнэ 5-10 мянган төгрөгийн зөрүүтэй байсан. Эмийн үнийг нэгдсэн сайтад тавиад, иргэдийн хяналтад оруулмагц эмийн сангууд ижил үнээр худалдаалж эхэллээ. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд инфляц өссөн ч эмийн үнэ өссөнгүй. Энэ бол үнийг бодитой барьж байгаа арга юм. Төрийн хяналтыг хамгийн сайн гэдэг. Төр гэдэг чинь үндсэндээ иргэн шүү дээ. Нэг зүйлийг олон мянган иргэн зэрэг хянах нь хяналтын хамгийн сайн тогтолцоо. Жишээ нь, энд арван мянгаар зарж байгаа “Трафлью”-г хажуугийн эмийн сан 20 мянгаар зарж байгаа нь илэрвэл хүн ичнэ. Эсвэл хүн худалдаж авахгүй. Тиймээс одоо иргэдийн оролцоо, эмээ онлайнаар хайж, худалдаж авдаг, хяналт тавьдаг хэвшил л хамгийн чухал байна.

Хавдартай хүмүүсийн хэрэглэдэг эм, эм бэлдмэлүүдийн чанарт ахиц гарсан болов уу?

Хавдрын эмийн эмчилгээний чанарт нэлээд үсрэнгүй дэвшил гарсан.
Манай иргэд “Хавдрын чанар муутай эмээр биднийг эмчилж, эндээс гаж нөлөө гардаг, үр дүн ч сул байна” гэж гомдоллодог байсан. Тиймээс бид эм үйлдвэрлэгч “Roche”, “AstraZeneca” зэрэг дэлхийн том брэндтэй тусгайлсан үнийн гэрээ хийж, чанартай, оргинал эм, эм бэлдмэлийг Монголдоо оруулж ирж, боломжийн үнээр худалдах нөхцөлийг бүрдүүллээ. Мөн хавдрын эмчилгээнд химийн тарианаас гадна “бай эмчилгээ”, хүний биеийн өөрийн дархлааг идэвхжүүлж, хавдрыг эмээр биш хүний дархлааны эсээр устгах эмчилгээний шинэ төрлийг нэвтрүүлж, ЭМД-аар санхүүжүүлж байна.

Санхүүгийн хувьд сахилга баттай байсан учраас 500 тэрбумын өрийг 190 тэрбум төгрөг болгож буурууллаа
Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалинг 75 хувь нэмэх Засгийн газрын шийдвэр гарсан. Мөн эмч ажилчид цалингаа нэмүүлэхээр жагсаж байхдаа 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж байсан нь хэр боломжтой вэ?

Монгол Улсын 2026 оны төсвийг хэлэлцэх үед Эрүүл мэндийн үйлдвэрчний салбар зөвлөл нэлээд идэвхтэй оролцож, цалин хөлс нэмэх асуудлыг тавьсан. Засгийн газар урсгал зардлаа танаж, төсвөөс Даатгалын санд 194 тэрбум төгрөг суулгаж салбарын ажилчдын цалинг 2026 оны нэгдүгээр сард 30 хувь нэмэхээр шийдсэн. Энэ оны 8, 9, 10, 11, 12 сард ахиад ес, есөн хувиар нэмж, 2026 онд цалинг 75 хувь нэмэх юм. Манай салбарт хуучин шиг цалингийн төсөв гэж байхаа больсон. Салбар бүхэлдээ гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжиж, гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон учраас бид ЭМДС-гаа л зузаатгах ёстой болж байна. Тиймээс санхүүгийн сахилга баттай байж, шаардлагагүй зүйлд мөнгө зарцуулдаггүй байх горимд шилжсэн. Гэхдээ хэмнэнэ гэдэг нь өвчнийг эмчлэхгүй гэсэн үг биш. Оновчтой бодлого явуулж, шаардлагагүй зүйлийг танаж, санхүүгийн сахилга баттай болно гэсэн үг. Түрүүн би Эрт илрүүлгийн тухай ярихдаа дурдсан.

Шаардлагагүй олон шинжилгээнд мөнгө зарцуулахгүй, оновчтой чиглэсэн тодорхой шинжилгээ хийнэ. Эндээс эмчилгээг цаг алдахгүй эхлүүлэх, дэмий зардлыг танах боломж бүрдэнэ.
Мөн Эрүүл мэндийн даатгалаас гарах санхүүгийн дарамт буурна. Өгөөж нь ийм олон зүйл дээр илрэх юм.

Томоохон үргүй зардлын жишээг дурдахгүй юу?

Ганц жишээ хэлэхэд, бид хөнгөлөлттэй эмд зориулсан 140 тэрбум төгрөгийн санхүүжилтийнхээ 20 тэрбумыг хүний өвчнийг эмчилдэггүй, биологийн хоёр төрлийн нэмэлт бүтээгдэхүүнд өгч ирсэн. Энэ чинь шударга биш байхгүй юу. Яг сахар буулгадаг, таталтын эсрэг үйлчилгээтэй, даралт буулгах, эсвэл хавдар эмчлэх чухал эмд хөнгөлөлт үзүүлнэ үү гэхээс биш “Танд ноцтой өвчлөлт алга, гэхдээ яах вэ, витамин уучих” гээд мөнгө өгөөд байж болохгүй биз дээ. Витамин уух эсэх нь цэвэр хувь хүний хариуцлагын асуудал. Үндсэн санхүүжилт нь хязгаартай байхад хязгааргүй их хэрэгцээг ханган нийлүүлээд байх болохгүй.

Яам 2025 онд салбараа санхүүгийн сахилга баттай байлгаж чадсан. Үр дүнд нь өнгөрсөн оныг 500 гаруй тэрбум төгрөгийн өртэй давах байсан салбар 190 тэрбумын өглөгтэй үдлээ. Бид 2025 оны эхээр 2024 оныхоо өрөнд 316 тэрбум төгрөг өгсөн байсан. Эндээс хэрвээ бид сахилга баттай байвал жилд 500 тэрбумын хэмнэлт хийж чадах юм байна гэдэг нь харагдаж байна. Ингэж чадвал цалингаа гурван саяд хүргэх нь тийм ч төвөгтэй асуудал биш. Мэдээж хэрэг энд эмнэлгийн удирдлага, менежерүүдийн оролцоо чухал. Яам эмнэлгийн байгууллагууддаа “Яг ажлын талбарт хөдөлмөрлөдөг эмч, сувилагчдын олдог мөнгөөр шаардлагагүй орон тоог цалинжуулахгүй байх бодлого барь. Оновчтой зохион байгуулалт хий” гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ бол зөв зохион байгуулалттай ажиллаж, боломжийн зардлаар ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэсэн зорилго.

ЭМДС-гийн өнөөдрийн байдал ямар байна. Хүндрэлтэй байсан үеийнхээ ард гарч чадсан уу. Дахин хүндрэл үүсгэхгүй байх ямар боломжууд харагдаж байна вэ?

Юуны өмнө салбарын хэмжээнд санхүүгийн сахилга бат мөрдүүлж илүү төлөвлөгөөтэй, төлөвшсөн, тооцдог системд шилжихээр зорьж байна. Үүнээс гадна салбараа цахим, шилэн болгох нь чухал. Эрүүл мэндээ хамгаалуулахын тулд өгч байгаа ЭМДС-гийн хөрөнгийг хэсэг бүлэг нөхөд худал хэлж аваад, хулгай хийж бултуулаад, дур мэдэн зарцуулаад байж болохгүй. Тиймээс санхүүгийн сахилга бат маш чухал. Нөгөө талаар энэ онд Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчин нэлээд сайжирна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орох юм. Яамнаас бэлтгэл ажлаа хангаж байна. Мэргэжлийн байгууллага болон олон нийтийн хэлэлцүүлгүүд удахгүй шат дараатай хийгдэнэ. ЭМДС-г зузаатгах асуудлаа бид нэлээд чухалд тавьж байна. Санг зузаатгах хоёр хөшүүрэг бий.

Нэг нь төрөөс дааж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ. Жишээ нь, бага насны хүүхэд, тэтгэврийн насны иргэд болон өвчний шалтгаантай группт орсон иргэн, мөн жирэмсэн эмэгтэйчүүд, яаралтай тусламжийн үйлчилгээг төр хариуцдаг. Бүх төрлийн эмнэлэг ЭМД-тай эсэхээс үл хамаарч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг. Энэ зардлыг эмнэлгүүдэд оношны дагуу яг бодитой гарсан зардалд тохируулан төр эргүүлэн олгодог. Өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад жил бүр 200 тэрбумаар дутуу олгож ирсэн. Хоёр тэрбум биш 200 тэрбум шүү дээ. Энэ мөнгийг бодитой олгодог тогтолцоог 2027 онд бүрдүүлнэ. Үүнийг хууль эрх зүйн орчноор л хийж өгөхгүй бол “За яах вэ, болох биз” гэсэн маягтай дутуу олгож ирсэн байдлыг өөрчлөх хэрэгтэй. Энэ бол төр өөрөө бас үнэнч байх ёстой гэсэн үг.

Нөгөө талаар ЭМДС-д иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг. Тэдний даатгалаас төр бас төлөлцдөг. Иргэн хоёр хувийг, төр хоёр хувийг төлдөг тогтолцоог өөрчлөөд иргэн дөрвөн хувийг төлдөг болгосон тохиолдолд ЭМДС-д үүсдэг цоорхой бөглөгдөнө. Үүсээд байгаа санхүүгийн ачаалал ч байхгүй болно. Ийм байдлаар ЭМДС-г өөрчилж, санхүүгийн хувьд бэхжүүлж, зузаатгах бодлого барьж байна. Энэ тогтолцоо бүрдэх үед ЭМДС аль нэг даргын заавар тушаалаар ажилладаггүй, илүү биеэ даасан байдалтай, яг даатгуулагчдын төлөө ажилладаг тогтолцоотой болох ёстой. Эдгээрийг хуульд тусгахаар зорьж байна. Энэ онд ЭМДС-ийн тогтолцоог өөрчилж, эрх зүйн орчныг сайжруулж, сангийн хөрөнгийг 2027 онд 3.5 их наяд төгрөгт хүргэвэл салбарын ажилчдын цалинг 3.5 саяд хүргэх нь тийм ч хэцүү, хийж барамгүй зүйл бол биш.

Төрийн ба хувийн эмнэлгийн ачааллыг жигд хувааж, шударга бус тогтолцоог хална
ЭМДС-ийн үргүй зардалд хувийн эмнэлгүүдийн эзлэх байр суурь өндөр байгаад байдаг. Тэдний ЭМДС-ийн хөрөнгө рүү харсан том давлагаа, лоббийг хэрхэн зохицуулах ёстой юм бол?

Эрүүл мэндийн салбар дахь улсын эмнэлгүүд хийж чаддаг тусламж үйлчилгээгээ өөрсдөө хийдэг. Хийж чадахгүй тусламж үйлчилгээг хувийн хэвшлээр хийлгэдэг. Ийм байдлаар ачааллыг жигд хуваадаг болгоно. Эрүүл мэндийн салбарын ачаалал гэж юуг хэлээд байна вэ гэхээр ямар ч эмнэлэг хүнд, хөнгөн оноштой байхаас үл хамаарч бүх хүнийг эмчилдэг байх ёстой юм. Гэвч хувийн эмнэлгүүд хүнд өвчтөн, ханиад томуу, халдвартай хүмүүсээс тойрдог. Тэднийг улсын эмнэлгүүд л хүлээж авдаг. Хөнгөн өвчтөн авч, хамгийн өртөг өндөртэй эмчилгээг хийж, салбарын өрмийг нь хамдаг хувийн эмнэлгүүд жилд 14-20 тэрбумын орлоготой ажиллаж байна. Ийм шударга биш тогтолцоог одоо халах цаг болсон.

Дээр өгүүлсэн эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээ өртөг өндөртэй, зардал ихтэй. Ханиад томуу, улаан бурхнаар өвдөж, эрчимт эмчилгээнд орсон хүүхдийг эцэг, эх нь дагаж ордоггүй. Дотор нь заавал эмч, сувилагч, асрагчид 24 цагийн турш завсар зайгүй хүнд орчинд ажилладаг. Тэдний цалин хөлс салбарын өрмийг хамдаг хувийн эмнэлгүүдийн цалинтай харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай. Ийм байж болохгүй. Хүнд урам хэрэгтэй биз дээ. Урам гэдэг чинь цалин хөлс.

Хүнд хүмүүстэй ажилласныхаа хэрээр цалин хөлс ахиу авч, ачаалал даадаг ийм тогтолцоо хэрэгтэй. Энэ рүү чиглэж ажиллана.
Сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн салбарт маш сайн ахиц гарсан. Харин та оюутан цагаас хойш, өнөөдрийг хүртэлх салбарын өсөлтөө хэрхэн харж, дүгнэдэг вэ?

Эрүүл мэндийн салбарт би 29 жил ажиллаж, энэ бүх цаг хугацаагаа Монголд эмчилж чаддаггүй элэгний болон нойр булчирхайн хорт хавдрыг эх орондоо хийдэг болох, эрт үеийн хавдрыг дулааны аргаар эмчлэх, элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулах ажилд зориулсан хүний хувьд салбарынхаа 30 жилийн өсөлт хөгжлийг ярина. Миний оюутны ширээнээс гарч, дадлагажигч эмчээс эхлээд мэс заслын эмч хүртэлх хугацаа бол 1990-ээд оны төгсгөл үе. Энэ үед манай салбарынхны мэс заслын оёдол хийх утас шөрмөс, хэрэглэж байсан багаж төхөөрөмжийг одоо цагтай харьцуулах юм биш. Тэнгэр, газар шиг ялгаатай. Төсөөлөөд үз. Бид “Нарантуул” захаас нойлын утас багцаар нь авч, савандаж угаагаад, сайхан усаар зайлж, 96 градусын спиртэд 72 цаг сойгоод түүгээрээ хүний гэдсийг оёдог байлаа. Би өөрөө тэр ажлыг хийж байсан хүн. Одоо бодоход амь бөхтэй нь үлддэг байсан гэмээр байгаа биз. Өнөөдөр бол мэс засалд дандаа брэнд утас хэрэглэж байна. Мэс заслын тусламж үйлчилгээний зүү, утас хоёр нэгдмэл, утас нь зүүнийхээ диаметрээс бүдүүн биш, яг жигд учраас ямар нэгэн нүх үлдээхгүй арьс урахгүй, сэтлэхгүй оёно.

Оношилгооны аргад том дэвшил гарсан. Бүх аймгийн Эрүүл мэндийн төв компьютер, томографийн оношилгоо хийдэг болсон. Бид компьютер, томографийн зургаар, доторх судасны байрлалыг бараг 3D шиг харж, мэс засал, хагалгааны төлөвлөлтөө хийж байна. “Чи гараа ч хүргээгүй хэрнээ хүнийг тэгж эмчилнэ, ингэж зүснэ гээд байх юм. Яаж мэддэг юм” гэж надад үзүүлсэн ахмад настай хүмүүс хэлдэг. Энэ чинь технологи өөрөө тийм мундаг болсон байгааг харуулж байгаа юм. Тухайн хүний дотор өвчин хаана үүссэн, яаж байрласан, тархсан байна. Өвчин нь судсаа ороож уу, гэмтээж үү, шахсан байна уу, түгжиж үү гээд бүгдийг нарийн хардаг учраас судасны хаагуур тойрох, хаагуур тайрах уу, мэс заслын явцад өртсөн судсыг яаж сэргээх юм гэдгээ бараг 3D-ээр төлөвлөж байгаа нь энэ. Анх эмч болоод ирж байхдаа “За юу болдог бол” гэсэн бодолтой мэс засалд ордог байсан. Тухайн хүний хагалгаанд орох хэсгийг нээгээд мэс заслаа ямар байдлаар хийх вэ гэдгээ төлөвлөж чаддаггүй байлаа. Үнэндээ зарим хагалгааг нээгээд “Уучлаарай, өвчин дэндүү газар авч, бид эмчилж чадахгүй юм байна” гээд буцаагаад хаах үе ч гарч байсан. Одоо бол нээхээсээ өмнө мэс засал яаж хийхээ, дараа нь хэрхэн эмчлэх төлөвлөгөөгөө гаргаад ордог. Тэр төлөвлөлт нь зөрүү бараг гарахгүй. Асар ялгаатай байгаа биз.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан шинжилж, уламжлалт анагаах ухааны салбарыг тусгайлан хөгжүүлэх зарлиг гаргалаа. Салбарын яам энэ зарлигийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ёсчлон баталсан “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлигийг дэмжиж байгаа. Монголын уламжлалт анагаах ухааны түүх ойролцоогоор 5000 жилийн түүхтэй гэж үздэг. ДЭМБ 1978 оноос уламжлалт анагаах ухааныг хүлээн зөвшөөрч, 1990 оноос гишүүн орнууддаа эрүүл мэндийн нэгдсэн тогтолцоондоо уялдуулахыг уриалсан. Өнөөдөр дэлхийн 170 орон буюу гишүүн орнуудын 88 хувь нь уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн тогтолцоондоо ашиглаж байна. ДЭМБ Монгол Улсыг уламжлалт анагаах ухааны төрийн бодлого, нэгдмэл тогтолцоотой 25 орны нэг хэмээн үнэлдэг.

Манай уламжлалт анагаах ухаан бол эмч, өвчтөн хоёр хүрэлцдэг, бага зардлаар оношилж эмчилдэг, өвчтөн сэтгэл ханамж хамгийн өндөр авдаг салбар.
Бид ЭМДС-гийн тухай хуульд оруулах өөрчлөлтдөө уламжлалт анагаах ухааныг дэмжих бодлого мөн суулгаж өгөхийг зорьж байна. Энэ салбар хөгжвөл шаардлагагүй хэвтэлтүүд багасна. Өвдсөн, өвдөөгүй нь мэдэгдэхгүй хэрнээ бие нь тавгүйрхсэн хүмүүс уламжлалт эмчилгээ хийлгэж, сувилуулж, хоол ундаа тохируулж, явдал мөрөө зөв болгоод авна. Нөгөө талаар манай уламжлалт анагаах ухаан нийгмийн эрүүл мэндийн боловсролыг маш сайн олгодог. Бие сэтгэлийг хамт эмчилдэг давуу талтай учраас Ерөнхийлөгчийн санаачилгыг бүрэн дэмжиж байгаа.
Previous Post

Монгол дорнын зурхай

Next Post

Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар

Next Post
Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар

Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар

Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар

2026-01-27
Ж.ЧИНБҮРЭН: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛСАН МӨНГӨ БОЛГОН ХҮНИЙ АМЬ АВАРДАГ БАЙХ ЁСТОЙ

Ж.ЧИНБҮРЭН: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛСАН МӨНГӨ БОЛГОН ХҮНИЙ АМЬ АВАРДАГ БАЙХ ЁСТОЙ

2026-01-27
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-01-27
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-01-27
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

2026-01-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрийн уулзалтаар хэн нэгэнтэй хариуцлага тооцох асуудлыг яриагүй бөгөөд хоёр ажлын хэсгийн мэдээллийг л сонсжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрийн уулзалтаар хэн нэгэнтэй хариуцлага тооцох асуудлыг яриагүй бөгөөд хоёр ажлын хэсгийн мэдээллийг л сонсжээ

2026-01-26
Г.Занданшатар: зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, уих-д өргөн барихаар ажиллаж байна

Г.Занданшатар: зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, уих-д өргөн барихаар ажиллаж байна

2026-01-26
хил хамгаалах ерөнхий газартай хамтын ажиллагааны талаар санал солилцов

хил хамгаалах ерөнхий газартай хамтын ажиллагааны талаар санал солилцов

2026-01-26
аймаг, нийслэлийн улсын байцаагч нарт чиглэл өгөх цахим уулзалт зохион байгууллаа

аймаг, нийслэлийн улсын байцаагч нарт чиглэл өгөх цахим уулзалт зохион байгууллаа

2026-01-26
Хятадын хамгийн өндөр дээд генерал шалгагдаж, Ши Жиньпиний цэргийн “цэвэрлэгээ” эрчимжиж байна

Хятадын хамгийн өндөр дээд генерал шалгагдаж, Ши Жиньпиний цэргийн “цэвэрлэгээ” эрчимжиж байна

2026-01-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.