АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
2018 онд Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад оффшор бүсэд холбогдох этгээдүүд нь 85,933,063 ам.долларыг байршуулж байсныг тогтоосон. Үүнээс 74,993,452 ам.доллар тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирсэн болох нь шалгалтаар тогтоогдоод байна. Үүний 4.3 сая ам.долларыг биет байдлаар хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд оруулж ирсэн.
2018 онд нийт 224 хэрэг шүүхээр шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлснээс 84 /37.5 хувь/ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн дүнтэй байна. Үүнд:
-Автотээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр,
-Боловсрол соёл шинжлэх ухааны яамны санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай,
-Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баянсэлэнгэ,
-Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр,
-НӨХГ-ын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, ахлах мэргэжилтэн Э.Энхтулга,
-Төрийн орон сууц санхүүжилтийн корпорацийн хуулийн хэлтсийн дарга Б.Батбаатар,
-Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг дарга А.Мейремхан,
-Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлт хариуцсан байцаагч Б.Золбоо,
-Баянгол дүүргийн татварын байцаагч А.Энхтүвшин,
-Хан-Уул дүүргийн татварын байцаагч Н.Пүрэвдорж нарын,
-Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Ж.Алтансүх,
-ДЦС-4 төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал С.Анхбаяр зэрэг албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлээд байна.
-АТГ-т мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдээс УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, ТОСК-ийн А.Гантулга, МХЕГ-ын газар, хэлтсийн дарга Б.Аззаяа, Д.Баярсайхан нарын албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн 76 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Мэдээллийн дараа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
Монголын хоёр том ААН-ын дансаар оффшорын мөнгө орж ирсэн нь тогтоогдсон
Тэрээр “Оффшорын асуудалтай холбоотойгоор 20 орчим сая доллар Монголын хоёр том аж ахуй нэгжийн дансаар удаа дараа орж ирсэн нь тогтоогдсон. Аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зарцуулагдаж явсан байна. АТГ-аас эр бүхийн аж ахуй нэгжийг шалгаж байна. Ямар зориулалтаар гадаадаас орж ирсэн байна гэдгийг удахгүй тогтооно.
УИХ-ын таван гишүүнд ЖДҮ-ийн хэргээр эрүү үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан
ЖДҮХС-гийн асуудалд УИХ-ын 43 гишүүн холбогдон шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. 43 гишүүнийг холбогдуулан шалгаж байгаа нь ташаа мэдээлэл юм. УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан. Таван гишүүнээс хоёр нь тогтоолтойгоо танилцсан. Гурав нь яллагдагчаар татах тогтоолтой танилцаагүй байна.
Сэтгэгдэл бичих