УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл”эсэргүүцлийн жагсаал өнөөдөр /2018.12.27/ Сүхбаатарын талбайд болж байна. Жагсаал 11.00 цагаас эхэллээ. Д.Сүхбаатарын талбайд эхэлсэн жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд төв талбайн дөрвөн талд хашлага хийжээ. Мөн иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж, жагсаал болж буй хэсэг рүү оруулж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
***
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Идэр есийн хүйтэнд 20 мянгуулаа цуглаж байна
Жагсаал зохион байгуулагчдын нэг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ жагсаалын эхэнд өөрийн цахим хуудсаар дараах мэдээллийг хийсэн. Түүний хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.
-Та, бидний дээр байгаа бүлэглэлийнхнийг эрх мэдэл нь ийм болгодог юм уу, төрийн тусгай хамгаалалт нь ийм болгодог юм уу, ард түмнээ тоодоггүй юм байна. Ялангуяа манай М.Энхболд дарга. Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч гэж хэлсэн яах вэ гэж ханддаг юм байна. Мөнгөөр бүхнийг худалдаад авчихна гэж боддог юм шиг байна. Одоо л тэмцэх цаг нь шүү. Таксинд явж байгаа, Сүхбаатарын талбайн эргэн тойронд байгаа, шинэ жилийн гацуурынхаа чимэглэлийг авахаар явж байгаа иргэн та Сүхбаатарын талбайд ирж, жагсаалд нэгдээрэй. Өөрсдийнхөө төлөө жагсаарай. Уул уурхайн баялгийг эзэмшсэн энэ давхаргыг сэтэлж байж л монголчуудын маань дундаж давхарга нэмэгдэнэ шүү…
Мөн тэрбээр жагсаалыг албан ёсоор нээж, дараах үгийг хэллээ.
-Монголчуудыгаа -30 хэмийн хүйтэнд ингэж олуулаа цуглахгүй гэж УИХ-ын дарга бодсон байх. Гэхдээ бид олуулаа цуглаж чадлаа. Өчигдрийн Монгол, өнөөдрийн Монгол өөр болж байна. Бид М.Энхболд гэдэг хүнтэй муудаад байгаадаа биш, ирэх 25 жилд байх тогтолцоогоо өөрчлөхийн төлөө тэмцэж байна. Идэр есийн хүйтэнд 20 мянгуулаа цуглаж байна. Ард түмний хүч, албан тушаалтны дээр байдаг гэдгийг мэдэх жил байх ёстой. Шинэ 25 жил эхэлсэн байна. М.Энхболд даргаа таны эхнэртэй адил бүсгүйчүүд ирсэн байна, таны хүүхэдтэй адилхан залуус ирсэн байна. Эдгээр олон хүнийг гадаа бүү удаан хүлээлгэ. Даруй огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байна. Бид одоо Төрийн ордон руу орж, 48 цагийн шаардлагын хариуг авах гэж байна. Хэрэв хариу өгөхгүй бол эсэргүүцлийн хоёр дахь давалгааг орон даяар эхлүүлнэ. Суулт зарлана, цаашлаад тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно.
***
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН: МАНАН бүлэглэл чонотой нийлсэн гэрийн нохой болжээ
МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл жагсаалын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэллээ.
-Алтай Таван богдоос дорнын их тал хүртэл байгалийн баялгийг МАНАН бүлэглэл дээрэмдээд байна. Үүнийг буцааж авахын төлөө МАНАН-гийн эсрэг тэмцэнэ. Хууль, хяналтын байгууллагууд АТГ, прокурор, шүүхийнхэн МАНАН-гийн харьяат хүмүүс болсон. Бид нутаг, нам харгалзахгүйгээр монголчуудтайгаа нэгдэж тэмцэнэ. Шударга бусын хонгилыг нураана. МАНАН бол хуулиас дээгүүр хариуцлага хүлээдэггүй бүлэглэл. Чонотой нийлсэн нохой гэрийнхээ хот руу эргэж дайраад байдаг гэж өвгөчүүл ярьдаг. МАНАН бүлэглэл гадныхантай нийлж, байгалийн баялгаа цөлмөж, өөрсдөө авч байгаа. МАНАН бүлэглэл чонотой нийлсэн гэрийн нохой болжээ. Монголчууд нэгдэж нягтарсан үедээ л хүчирхэг байдаг. Монголчууд отго жинс үл харгалзан нэгдэж, Манжийн дарлалыг устгаж байсан юм шүү. Нягтарч, нэгдэх цаг болсон. М.Энхболд, Ц.Элбэгдорж тэргүүтэй МАНАН-гийн бүлэглэл Монголын хууль, хяналтынхныг гартаа авчихаад байна. МАНАН бүлэглэл хүчтэй юу, монгол түмэн хүчтэй юу гэдгийг харуулъя. Монголчуудыг хагалан бутаргах сонирхол МАНАН бүлэглэлд их бий. Нэгдсэн Монгол ялна.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД: Улаанбаатарыг М.Энхболд аймшгийн хөндий болгосон
-“Эрдэнэт”ийн 49 хувь, Цагаан суварга, Асгатын мөнгөний ордыг бид МАНАН бүлэглэлээс буцааж авна. Монголд стратегийн 15 орд байсан бол одоо 13 орд үлдсэн. МАНАН бүлэглэлийг ялбал маргааш нь бид 13 ордыг ард түмэндээ авч өгөх хуулийг батална. Энэ бол УИХ-ын 40 гишүүний амлалт шүү. Баялгийн сангийн тухай хууль, Газар өмчлөлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Зургаан жил болж байна. М.Энхболд 20 гаруй жил Улаанбаатарыг удирдахдаа аймшгийн хөндий болгосон. Энэ бүхнийг арилгах хуулийн төслүүдийг батлах учиртай. Эдгээр хуулийг баталж байж газрынхаа дээр, газрынхаа доор байгаа байлгийг ард түмэн эзэмшинэ.
***
УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР: МАНАН бүлэглэлийн гинжийг тасалъя
-Монголчууд зүрх сэтгэлийнхээ дуудлагаар нэгдэж байна. МАНАН бүлэглэлийг амь бөхтэй оршин тогтнуулж байгаа хүчин зүйл нь хууль, шүүх, хяналтын байгууллагынхны бий болгосон шударга бусын хонгил юм шүү. МАНАН бүлэглэлийн загалмайлсан эцэг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусахаас өмнө АТГ, шүүх, прокурорын удирдлагын бүрэн эрхийг зургаан жилийн хугацаатай байхаар томилсон. “Стандарт” банк, “Эрдэнэт”-ийн 49 хувь, Төрийн банктай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүд бид байнга хөндөж ирсэн. АТГ, хууль хяналтынхан хэргийг хянаж байна, шалгаж байна гэдэг жижүүрийн үгтэй болсон. Одоо эдгээр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байгаа. Энэ бүхэн МАНАН бүлэглэлийн гэмт хэргээ далдалдаг гинжин урвалын нэг нь энэ юм шүү. Түүнийг тасалъя.
***
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
- Ж.Батзандан: УИХ дарга М.Энхболдыг эрэн сурвалжилдаг болоод удаж байна
- Х.Нямбаатар: УИХ-ын даргын асуудлыг чуулганаар хэлэлцэхийг шаардаж байна
- Жагсаалд оролцогч Б.Цолмон хувцсаа тайлж, эсэргүүцэл илэрхийлэв
- ХЭН ЮУ ХЭЛЭВ: Жагсаалд оролцогчдын байр суурь
- Л.Оюун-Эрдэнэ: Бид зогсохгүй, Эднийг өрөвдөөд болино гэж байхгүй
- УИХ-ын дарга өрөөгөө түгжиж, жагсагчид Тамгын газарт шаардлагаа өглөө
- ”МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” жагсаалын ФОТО СУРВАЛЖЛАГА
- Жагсаалд 25 мянга гаруй хүн оролцож байна!
- ”МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” жагсаалын ЭХЛЭЛ ХЭСЭГ
- МАНАН арилах уу?
***
Сэтгэгдэл бичих