Намрын сэрүүн орсон хүйтэн өдөр болоод ч тэр үү “Нарантуул-2”, “Хүчит шонхор” хэмээх нийслэлийн томоохон зах эл хульхан байлаа. Гэхдээ монголчуудын амьдрал, амжиргаа ямар байгаа бодит байдлыг худалдааны захуудын үүднээс л мэдэрч болно. Тухайлбал, нохойны хоол, шулсан яс зарж хоолныхоо мөнгийг олох гэж ядарсан иргэд зам дагуу эгнээд, дуу нь гарахтай үгүйтэй чичирч сууна. Зарим нь олсон хэдэн төгрөгөөрөө цай, хоол авахаасаа илүү шил юманд өгөөд дуусдаг янзтай халамцуухан, гундуухан хүмүүс гудамжаар л нэг харагдана лээ.
Манай улсад 14 хоног шатахуун хомсдож, иргэдийн бухимдал туйлдаа хүрсэн.Тэд шатахуун авах гэж урт дараалал үүсгэж зогсохоос гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэ нэмэгдчихлээ. “Атар” талх гэхэд 1500 төгрөг болсон хэмээн халаглаж байлаа. Томоохон худалдааны төвүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн талаар сурвалжиллаа.
“Нарантуул-2” худалдааны төвд үхрийн борц 59 мянган төгрөгийн үнэтэй байна
“Нарантуул-2” худалдааны төвд, хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10865 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь 13429 төгрөгийн ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 200 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн. Ер нь махны үнэ хэвийн байгаа хэмээн худалдагчид ярилаа.
Махны үнэ нэмэгдсэн эсэх талаар иргэнээс тодрууллаа. Тэрбээр энэ тухай ярихдаа “Би 20 мянган төгрөгт тааруулж үхрийн мах авлаа. Би ойрд мах аваагүй болохоор сайн мэдэхгүй байна. “Хархорин”, Хүчит шонхор” захад махны үнэ ганц, хоёр мянган төгрөгөөр хямд байдаг. Харин “Саруул”, “Их наяд” худалдааны төвд үнэтэй. Би “Нарантуул” захын хажууд амьдардаг мөртлөө “Хүчит шонхор”, “Нарантуул-2” орж мах авдаг. Өнөөдөр (өчигдөр) хөл хөдөлгөөн багатай байна. Сиймхийг нь тааруулаад ирвэл 140-150 мянган төгрөгт бүтэн хонь авч болохоор байна” гэсэн юм.
ШӨХТГ: Шатахууны хомсдолтой холбоотойгоор махны үнэ нэмэгдээгүй
Харин хонины ястай мах 8000-8500, цул мах 9500-10000 төгрийн ханштай байлаа. Мөн махны борлуулалт ямар байгаа талаар ШӨХТГ-аас тодруулсан юм. Тэрбээр Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Хүчитшонхор захад үхрий мах бөөндөө 7000-9000, цул мах 11000-12000, хонины мах 6000-7400, цул нь 8500-9500 төгрөгийн ханштай байжээ. Нийлүүлэлт хэвийн, 90.9 тонн мах ирсэн байна. Харин өнөөдрийн байдлаар 113.3 тонн мах нийлүүлсэн байна. Үхрийн мах 200-300 төгрөгөөр нэмэгдсэн бол хонины мах 100-200 төгрөгөөр буурсан байна. Шатахууны хомсдолтой холбоотойгоор махны үнэ нэмэгдээгүй. Энэ талаар иргэдээс ямар нэгэн гомдол ирээгүй” хэмээлээ.
“Атар” талх 1430-1540 төгрөгөөр худалдаалж байна
Харин үхрийн борц 59 мянга, ээзгий, чихэртэй ааруул 18000, тараг 2500, өрөм 12000 төгрийн ханштай байлаа. Цагаан идээний худалдагчаас бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн эсэх талаар асуухад “Одоохондоо үнэ нэмэгдээгүй байна. Өвөл бага зэрэг үнэ нэмэгдэх байх” гэлээ. Харин гурил, атар талх ямар үнэтэй байгааг тодруулахад “ “Алтан тариа” савласан дээд зэргийн нэг кг 1500-1800 төгрөг, нэгдүгээр зэргийнх 1300-1600 төгрөг, хоёрдугаар зэргийнх 969-1100 төгрөг байна. Харин “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1430-1540 төгрөгийн үнэтэй. “М-март” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1430 төгрөгөөр, харин “Сансар”, “Оргил”, “Е-март” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1540 төгрөгөөр худалдаалж байна.
“Өдөрт хоёр төмсөөр хоол хийвэл дараагийн цалинтай золгоно”
Нийслэлчүүдийн махнаас илүүтэй худалдан авдаг бараа бол хүнсний ногоо. Намрын налгар өдрүүдэд тариаланчдийн буянаар хүнсний ногоо хямдардаг. Харин өвөл үнэ нэмэгдэж, бүр нарийн ногооны хомсдолд орох үе ч бий. Харин одоогоор монгол төмс 700, лууван 1000-2100, байцаа 1000, сармис кг нь 30000, манжин 1800, өргөст хэмх 6000 төгрөгийн үнэтэй зарагдаж байна.
Иргэд хүнсний ногоо бусад бараанаас илүү худалдан авч, хоолтойгоо залгадаг аж.“Өдөрт хоёр төмсөөр хоол хийвэл дараагийн цалин хүргэх байх даа. Мянган төгрөгт таараалууд төмс авъя” гээд задгай мөнгө тоолоод худалдагч руу хандлаа. Энэ эмэгтэй урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг олон мянган ээжүүдийн төлөөлөл шүү дээ.
Сэтгэгдэл бичих