Бид удаагийнхаа ярилцлагын буланд Монгол Жангум гэгдээд буй шавилхан биетэй ч шаггүй хөдөлмөрч, А.Одончимэг гэх бүсгүйг урьж, ажил амьдралынх нь талаар энгийн яриа өрнүүллээ.
Сүүлийн өдрүүдэд түүний талаарх пост цахим ертөнцөд хөвөрч, олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа юм. Тэрбээр, хорь гаруй жил өөрийн гараар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдан борлуулахдаа “Хэрэглэгчдийг хүндэтгэн чанарыг чухалчилж, итгэлтэй, халуун найрсаг үйлчилгээ үзүүлэх” арга хэлбэрийг баримталснаар ажил үйлсийн харгуйгаа илүү өнгөтэй болгожээ.
-Монгол Жангум гэдэг нэрнээс ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо. Хэзээнээс эхлээд ийм нэртэй болчихов. Хэн энэ нэрийг өгсөн бэ?
-Фэйсбүүкийн хэсэг найзууд маань миний хоол хийж байгааг хараад анх энэ нэрийг өгсөн. Одоо бол хүн бүр Монгол Жангум гэдгээр нь мэддэг болсон байна лээ.
-Нийт хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-Нийт 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэдгээрээс 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн бренд болж байнгын захиалагчидтай болсон байна.
-Бренд болсон бүтээгдэхүүн нь ямар ямар бүтээгдэхүүн байна вэ?
-Сарлаг гэдэг амьтан маш их шим тэжээлтэй, мах, сүү нь кальци, уураг ихтэй байдаг. Тэр ч утгаараа би өөрийн гарын бүтээгдэхүүнүүдээ зөвхөн сарлагийн түүхий эдээр хийдэг. Манай бренд бүтээгдэхүүнүүд гэвэл сарлагийн өрөм, элсэн чихэртэй сүүгээр зуурч шар тосонд чанасан гэрийн боорцог, өрөм хайлуулаад мэхээр гэдэг ургамалтай хольж хийдэг мэхээртэй тос, сарлагийн гуяны мах, хонины сүүл, зэрлэг сонгиноор амталсан бүхэл үрийн гурилтай Жангумын гарын бууз, цөцгийгээр хийсэн кекс гэх мэт нэлээн олон бүтээгдэхүүн байгаа. Хамгийн сүүлд л гэхэд би утааны эсрэг бэлдмэл гаргасан. Одоо маш их эрэлттэй байгаа.
-Утааны улирал эхэлсэн байгаа учраас утааны эсрэг бэлдмэлийнхээ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Сарлагийн аарц, зөгийн бал, цөцгий, самар зэргийг холиод утааны эсрэг цагаан тос гаргасан. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн хүмүүс маш өндөр үр дүнтэй байна гээд дахин дахин захиалж авч байгаа.
-Хэзээнээс эхлээд сүү, цагаан идээтэй холбогдсон бэ?
-Анх 1996 онд Шаргалжуутад ирээд эндээ суурьшсан. Шинэ газар ирээд ажил төрөл олдохгүй болохоор нь амрагчдад захиалгаар хоол цай, талх нийлүүлдэг байсан. Тэгээд 2006 оноос хойш эндэхийн малчидтай танилцаж найзлаад сарлагийн сүү, түүхий эдийг судлаад хөдөөний малчин эмэгтэйчүүдээс сурсан уламжлалт аргаа улам боловсронгуй болгож энэ бүх зүйлийг хийж сурсан.
-Таны хийсэн бүтээгдэхүүнүүд маш их хөдөлмөр, цаг зав шаардахаар харагдаж байсан. Яаж амжуулж байна?
-Монгол үндэсний хоолыг, уламжлалт аргаараа хийхэд мэдээж маш их ажиллагаа цаг хүч хөдөлмөр шаарддаг. Гэхдээ би Жангум брендийн бүтээгдэхүүнүүдээ хийхээсээ ердөө түүртдэггүй. Ихийг хийх тусмаа илүү их урам зориг эрч хүч авдаг. Хажуугаар нь бас амрагч нарынхаа захиалсан хоолыг гаргаж өгдөг.
–Энэ бүхнийг амжуулж ард нь гарахад хэн танд тусалдаг вэ?
-Туслаад байх хүн байхгүй ээ. Нөхөртэйгээ хамт л ард нь гардаг даа.
-Сард дунджаар хэчнээн хүнээс захиалга авч байна вэ?
-Нөхөртэйгээ хоёулханаа хөдөлмөрлөдөг болохоор олон захиалга аваад байж чаддаггүй. Гэхдээ аль чадахаараа олон хүний захиалгыг авч, хүссэн зүйлийг нь хийж өгөхийг хичээдэг. Одоогоор сард дунджаар 100 гаруй хүний захиалгыг л гаргаж амждаг даа.
-“Яг яаж хийдэг вэ. Заагаад өгөөч” гэх хүсэлт байнга ирдэг байх?
-Тэгэлгүй яахав. Би аль болох зааж зөвлөж туслахыг хичээдэг. Тэр ч утгаарааа зав л гарвал лайв хийж, группынхээ найзуудад яаж хийх аргыг нь зааж өгдөг.
-Таныг Шаргалжуутад ирсэн хүүхдүүдэд үнэгүй хоол хийж өгдөг гэж сонссон юм байна?
-Би Шаргалжуутын рашаан сувилалд ирж амарсан тархины саажилттай хүүхдүүдэд өдрийн гурван хоолыг нь үнэ төлбөргүй хийж өгч үйлчилдэг. Анхны үрийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүн шиг минь зовж шаналж байгаа бяцхан үрсэд тусалж, чадах чинээгээрээ нэмэр болъё гэсэндээ энэ ажилд амь амьдралаа зориулж байна. Намайг анхны хүүхдээ дөнгөж төрүүлээд байхад эх баригч жинлэхээр авч явж байхдаа плитан шалан дээр алдаж унагасан маш харамсалтай зүйл надад тохиолдсон юм. Тухайн үед би төрөх орон дээр хэвтэж байсан болохоор юу ч мэдээгүй. Хүү минь уйлж байснаа л гэнэт дуугүй болчихсон. Яг тэр үед л хүү минь унаад, маш хүнд бэртсэн байсан нь тэр байсан юм билээ. Дараа нь эх баригч болон эмнэлгийнхэн надаас уучлал гуйгаад өнгөрсөн дөө. Хүү минь тухайн үедээ юу ч мэдэгдээгүй ч хэдхэн сарын дараа тархины маш хүнд саажилттай болсныг нь бид олж мэдсэн. Ийм хүнд үед хүүгийн минь эцэг биднийг орхиод явсан даа. Гэхдээ би бууж өгөөгүй ээ. Хүүгээ эмчлүүлэхийн тулд маш олон эмнэлэг, эмчилгээ сувилгааг дамжиж, амьдралын хатуу хүтүү бүхнийг хар залуу насандаа туулсан. Хүн бол өвчний өмнө үнэхээр сөхөрдөг юм билээ. Хэчнээн зүтгэсэн ч энэ өвчнөөр хүүгээ алдсандаа маш их харамсдаг даа. Хэчнээн тэмцэж, үрийнхээ төлөө бүх зүйлээ зориулсан ч тэр минь энэ өвчнөөсөө болж маш удаан шаналж, зовсоор өөд болсон юм. Тиймээс хайртай хүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж “Халуун Болор” төрийн бус байгууллагаа байгуулаад төв тархины саажилттай хүүхдүүдэд үнэ төлбөргүй байр, хоолоор үйлчлэхээс гадна тэдний ээжүүдэд хандсан олон үйл ажиллагаа явуулдаг. Яагаад гэвэл, ийм өвчтэй хүүхдүүдийн ээжүүд хэчнээн хэцүү орчинд амьдардгийг энгийн хүн төсөөлөх ч үгүй. Өдөрт хэд хэд удаа татаж унах, янз бүрээр хүндрэх гээд сэтгэлд багтамгүй их шаналлыг ээжүүд л үүрч явдаг. Тиймээс тэр эхчүүдийн сэтгэлийн зовлонг бага ч гэсэн нимгэлж, амрааж, үр хүүхдийг нь өөрийнх нь өмнөөс асарч, сувилж, өөрсдийг нь жаахан ч гэсэн баярлуулж, амраахыг хичээдэг дээ.
-Өнөөдрийг хүртэл хэчнээн хүүхдийг баярлуулж чадсан бэ. Ээж, аавууд, хүүхдүүд талархсан сэтгэлээ шивнэж, үрд тань маш их буян илгээж байгаа гэдэгт итгэлтэй байна?
-Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 2000 гаруй хүүхдэд өдрийн гурван хоолоор үнэ төлбөргүй үйлчилсэн. Магадгүй чи Шаргалжуутад ирээд “Халуун Болор” төвийн маань санал хүсэлтийн дэвтрийг уншвал бас л уйлах байх. Тэнд ээжүүд минь намайг өндөр ээж гэж нэрлэсэн байдаг юм. Манайд ирсэн хүүхдүүд арай чамай л зардалтайгаа ирээд буцдаг юм шүү дээ. Замдаа гуанзанд орж ганц хуушуур ч авч идэх мөнгөгүй хүмүүс ч байдаг. Манай нутгийн малчид үнэхээр сайхан сэтгэлтэй. Үнэгүй сүү, тараг, өрөм их авчирч өгнө. Тэрийг нь хурааж байгаад хүүхдүүдээ буцахад нь варений шилэнд хайлмаг хийж өгөөд, хоёр хоёр ширхэг гамбир хайрч өгөөд замдаа идээрэй гээд явуулдаг юм. Ингэхэд тэд маань намайг тэвэрч уйлна, “Сайн сууж байгаарай, өндөр ээж ээ. Хойтон жил ирнэ ээ” гээд л явдаг юм даа. Яг л энэ үед нь би хамгийн их аз жаргалтай байдаг. Би ямартаа ч энэ хүүхдийг баярлууллаа, энэ ээжид тусаллаа гэхээр сэтгэл өег байдаг юм. Зарим ээж “Энэ зах зээлийн нийгэмд үнэгүй хайлмаг, гамбир өгөх нь битгий хэл хар ус харамладаг хүмүүс ч байдаг даа” гэж халагладаг л юм.
-Таны фэйсбүүк хуудсанд “Халуун Болор” төв гэсэн хаягтай барилгын зураг байна лээ. Тэр ямар учиртай барилга юм бэ?
-Тийм ээ. Таны харсан тэр барилгын загварыг амьдрал дээр бүтээн босгож, олон нялх үрсэд үнэ төлбөргүй сувилгаа, хоол, байраар нь хангаж өгөх гэсэн чин хүсэлтэй явна. Энэ хүслээ биелүүлэхийн тулд Жангум брендийн багц бүтээгдэхүүн гаргаж, Монгол Жангум фэйсбүүк группэд байдаг Улаанбаатар хот 21 аймгийн найзуудаасаа захиалга аваад унаанд дайж явуулдаг. Ер нь бол маш олон байнгын захиалагч, үйлчлүүлэгчтэй болсон гэж хэлж болно.
-Тархины саажилттай хүүхдээ бусдаас өмөөрч, хайрлан, хамаг амьдралаа зориулж яваа ээжүүд өнөөдөр маш олон болсон. Тэр ээжүүдэд хандаж та юу гэж хэлэх вэ. Таны үг тэдэнд маш их урам зориг өгөх юм шиг санагдлаа?
-Ээж хүн гэдэг агуу. Ээж хүнд үр нь нандин эрдэнэ. Монголд би ганцаараа биш. Надтай адилхан хөгжлийн бэрхшээлтэй үр хүүхэдтэй, энэ зовлонгоосоо ичдэг, нуудаг, зовлонгоо хэлж ярьж чаддаггүй ээжүүдийн амьдрал дандаа далд байдаг. Ийм ээжүүд хүний нүдэнд ил гарч чаддаггүй юм. Тийм л учраас тэр ээжүүддээ хандаж “Та нар маань бүгдээрээ сайхан ээжүүд шүү. Хүүхдүүд нь бүгдээрээ л хөх Монголын ирээдүй болсон хүмүүс юм шүү. Өвчтэй хүүхэдтэй гэдгээрээ өөрсдийгөө битгий нийгмээсээ тусгаарлаач. Хүүхдийнхээ төлөө, өөрийнхөө төлөө, олон олон залуу хосуудад сургамж болох үүднээс ил байгаач ээ. Хүүхдээ эмчлүүлж, эдгээхийн төлөө яваарай” гэж хэлмээр байна. Бас Баянхонгорын Шаргалжуутын рашаан үнэхээр сайхан гэдгийг дахин хэлмээр байна.
Манай сувиллын барилга босчихвол жилийн 4 улиралд “Халуун болор” төвийн үүд хаалга та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно. Хүүхдээ тэврээд зориод ирээрэй гэж хэлье. Би чадах чинээгээрээ та бүхнийхээ хүүхдэд үнэгүй хоол, үнэгүй байр бэлдээд та нарыгаа хүлээгээд сууж байна шүү. Эх үрс эрүүл саруул, элэг бүтэн байгаасай гэж бас хүсье. Хамгийн чухал нь эрүүл мэнд шүү дээ. Эрүүл мэндийг хүн юугаар ч худалдаж авч чаддаггүй юм шүү дээ. Уулын чинээ алт овоолчихсон хүн байсан ч өвчний өмнө хэн ч биш. Юунд ч дийлддэггүй юм бол ганцхан өвчин л байдаг юм. Тийм учраас Монголынхоо ард түмнийг эрүүл мэнддээ анхаарч яваарай гэж хэлье.
Сэтгэгдэл бичих