Өмнөд Солонгосын аварга корпорац Самсунгийн үүсгэн байгуулагч гэр бүл өнгөрсөн долоо хоногт 12 их наяд воны ($8 тэрбум) өв залгамжлалын татвараа төлж барагдуулжээ.
Энэ нь тус улсын түүхэнд хамгийн томд тооцогдох ийм төрлийн татвар юм.
Самсунг Электрониксийн ерөнхийлөгч И Жэ Ён, түүний ээж Хон Ра Хи, дүү нар болох И Бү Жин, И Со Хюн нар сүүлийн таван жилийн хугацаанд уг татварыг зургаа хуваан төлжээ.
2020 оны аравдугаар сард нас барсан ерөнхийлөгч агсан И Күн Хигийн үлдээсэн хөрөнгийг тэд өвлөж авсан юм.
Өмнөд Солонгосын хамгийн том бизнесийн групп болох Самсунг нь электроник, хүнд үйлдвэрлэл, барилга, санхүү зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг.
И Күн Хи агсан хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, урлагийн цуглуулга зэрэг нийт 26 их наяд воны өв хөрөнгө үлдээсэн юм.
Түүнийг нас барахад гэр бүлийнхэн нь “татвар төлөх нь иргэн хүний үндсэн үүрэг” гэж мэдэгдэж байв.
Самсунг компани өв залгамжлалын татварыг төлж барагдуулсныг Ням гарагт зарлажээ. Тэдний төлсөн татварын хэмжээ 2024 оны Өмнөд Солонгосын нийт өв залгамжлалын татварын орлогын хэмжээнээс 1.5 дахин өндөр болсныг уг мэдэгдэлд дурдсан байна.
Тус улсад өв залгамжлалын татвар 50 хувь байдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм. Самсунгийн гэр бүлийн хөрөнгийн нийлбэр хэмжээг Блүүмбэрг агентлаг $45 тэрбум гаруй гэж тооцоолсон байдаг. Тэдний хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онд хоёр гаруй дахин өссөн нь дэлхийн зах зээлд хиймэл оюуны технологийн хөгжилтэй холбоотой хагас дамжуулагч чипийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байлаа. Самсунг группийг 1938 онд одоогийн ерөнхийлөгч И Жэ Ёны өвөг эцэг И Бюн Чул үүсгэн байгуулж байжээ.
Эх сурвалж: BBC












Сэтгэгдэл бичих