Хог хаягдлыг ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн хүүхдүүдэд зөв дадал төлөвшүүлэх зорилгоор ухаалаг хогийн савыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төв болон үзвэр үйлчилгээний газруудад үе шаттайгаар байршуулж эхэллээ.
Төслийн хүрээнд нийт 200 ухаалаг хогийн сав байршуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 76-г нь суурилуулаад байна.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны (УБЗАА) Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаныхан нийслэлийн Ерөнхий боловсролын 104 дүгээр сургуульд ажиллалаа.
Тэрбээр “Одоогоор ухаалаг хогийн савыг 30 цэцэрлэг, 38 сургуульд байршуулсан бөгөөд 10 гаруй үзвэр, үйлчилгээний байгууллагад мөн суурилуулсан. Энэхүү ажил нь хүүхдүүдэд хог хаягдлыг ангилан ялгах зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын ногоон оноог нэмэгдүүлэх зорилготой. Ногоон оноо цуглуулснаар дахин боловсруулах боломжтой хог хаягдал эдийн засгийн эргэлтэд орж, үр өгөөжөө өгнө” хэмээн онцлов.
Тус сургуулийн Биологи, эрүүл мэндийн багш Б.Баясгалан “Манай сургуулийн Эко клуб гурван жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Сурагчид дахин ашиглах чиглэлээр олон төрлийн санаачилга хэрэгжүүлдэг. Ухаалаг хогийн сав нь хиймэл оюун ухаанд суурилан лааз, хуванцар, цаас, металл зэрэг хогийг автоматаар ялгах боломжтой тул хүүхдүүдэд бодит дадал суулгахад чухал ач холбогдолтой” гэлээ.
Мөн Эко клубын ахлагч, 7Е ангийн сурагч Г.Хонгорзул ухаалаг хогийн савыг ашиглах зааврыг танилцуулсан байна. Тэрбээр “Хог хийх товчийг дарж, хогоо хийсний дараа хаах товчийг дарна. Дараа нь Хотула аппликэйшнд нэвтэрч QR код уншуулснаар зургаан оноо нэмэгддэг. Ингэснээр ногоон оноо цуглуулж, аппликэйшний цэсээр дамжуулан худалдан авалт хийх боломжтой” хэмээн тайлбарлав.
НЕБ-ын 104 дүгээр сургуулийн Эко клубын сурагчид үе тэнгийнхэн болон олон нийтэд хандан хог хаягдлаа ангилан ялгаж, ногоон оноо цуглуулахыг уриаллаа.


















Сэтгэгдэл бичих