Өмнөд Солонгосын Тэжон хотын автомашины сэлбэгийн үйлдвэрт гарсан томоохон гал түймрийн улмаас 14 хүн амиа алдаж, 60 хүн гэмтэж түлэгдсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Анх сураггүйд тооцогдож байсан гурван хүний цогцсыг бямба гарагт олсноор амь үрэгдэгсдийн тоо 14 болж нэмэгдсэн байна. Одоогоор тэдний хэн болохыг тогтоохоор ДНХ-ийн шинжилгээ хийж байгаа бөгөөд гэмтэж бэртсэн 60 хүний заримын биеийн байдал хүнд байгаа аж.
Гал түймэртэй тэмцэх албаны төлөөлөгч Ким Сун Рён “Галын шалтгааныг тогтоож, цаашид ийм төрлийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна.
Одоогоор гал гарсан шалтгаан тодорхойгүй байгаа ч гэрчүүдийн мэдээлснээр гал маш хурдан тархаж, дэлбэрэлт болсон байж болзошгүй аж. Урьдчилсан таамгаар үйлдвэрийн доторх үлдэгдэл тос болон хуримтлагдсан тоос галын тархалтад нөлөөлсөн байж магадгүй байна.
Осол баасан гарагийн үдийн цайны үеэр, олон ажилчин хоёр болон гуравдугаар давхрын хооронд амарч байх үед гарчээ. Өтгөн утаа гарц руу хүрэх замыг хааснаар зарим ажилчин амь насаа аврахын тулд цонхоор үсрэхээс өөр аргагүй болсон тухай мэдээлсэн байна.
Ли Жэ Мён ерөнхийлөгч бямба гарагт ослын газарт очиж, аврах ажиллагаатай танилцан, амиа алдсан болон гэмтсэн иргэдийн ар гэрийнхэнтэй уулзжээ.
Тус үйлдвэрийг эзэмшигч Anjeon Industry компанийн удирдлага хохирогчдын гэр бүлээс уучлал хүсэж, ослын шалтгааныг тогтоох, нөхөн дэмжлэг үзүүлэх чиглэлээр эрх баригчидтай хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.












Сэтгэгдэл бичих