2021 оны дөрөвдүгээр сарын 10 буюу өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон. Тодруулбал, халдварын тархалтыг хумих, дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор хөл хорио тогтоож байгаа талаар Ерөнхий сайд албан ёсны тайлбар өгсөн. Гэвч өчигдөр буюу уг шийдвэрийг танилцуулсанаас нэг хоногийн дараа хөл хорионы 15 хоногийн хугацаанд вакцинжуулалтын ажлыг хийх боломжгүй гэх шийдвэр гаргасан. Ердөө ганцхан хоногийн дотор шийдвэрээ ийн өөрчилсөн нь олны бухимдлыг төрүүлээд байгаа юм.
Энэ талаар Засгийн газрын гишүүд өнөөдөр албан ёсны тайлбар өгч байна. Шадар сайд С.Амарсайхан “15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тавьж байгаа. Хөл хорио тогтоох хэд хэдэн үндсэн шалтгаан бий. Тархалтын тоог бууруулах, хоёрдугаарт, вакцинжуулалтыг үр дүнтэй байлгах, цаашид халдварын тоог нэмэхгүй байх үүднээс хөл хорьсон. Хөл хорионы үед вакцинжуулалтыг давхар явуулж болохгүй гэдэг зөвөлгөөг бид дагаж байна. Вакцины нөөц тасраагүй. Өнөөдрийн байдлаар 192 мянган тун вакцины нөөц байна. Улсын хэмжээнд 19 аймагт халдвар тархсан. Вакцинжуулалтыг хөл хорионы үед явуулах нь халдварын дэгдэлтийг нэмэх эрсдэлтэй гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар вакцины эхний тунг хийлгэсэн 864 хүн халдвар авсан байна. Тиймээс бид 25-наас дахин эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Вакцины тун байгаа ч энэ сарын 9, 12-нд орж ирэх 600 мянган тун вакцины татан авалт хойшилсон” гэлээ.
Сэтгэгдэл бичих