Хүн зов газраа зөв цагтаа байвал гэрлийн хурдаар албан тушаалын шат өгсдөг гэдэг.
Харин түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар буруу газраа буруу цагтаа байсан бололтой. 20 жил хичээсэн нэрээ 2-3 сарын дотор үгүй хийлээ гэж гомдолдог нь үнэний ортой л юм хөөрхийс.
Тэр сайд болсон биш улс төрийн карьераа нэг мөр дуусгав. Уг нь Ж.Сүхбаатар шударга үнэн, зарчимч, зоригтой залуу лидерийн дүрд сайн тоглодог байлаа. Шууд нэвтрүүлгийн үеэр уруул магнайтай эндээс гараад зодолдъё гэж хэлж байсан хүн дээ.
Цаашлаад МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөж байхдаа Бадамжунай бол мафийн толгойлогч гэж хэлж байсан. Тэр үед хэн ч МАН намын хүний нөөцийг албан бусаар хариуцдаг Бадамжунайгын өөдөөс тийм үг хэлж зүрхэлдэггүй байлаа.
Харин өнөөдөр бол Ж.Сүхбаатар ногоон автобусны хэрэгт нэр холбогдсон хүн. Хэдийгээр шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй ч энэ нэр түүнийг мөнхөд дагах болно.
Хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийх явцад өөрийгөө хутгалж байсан Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар гэгч нь хоёр хоногийн зайтай дөрвөн удаа мэдүүлэг өгсөн гэнэ.
Ингэхдээ эхний гурван мэдүүлэгт “Ж.Сүхбаатар сайд юу ч мэдээгүй гэж мэдүүлсэн атлаа дөрөв дах удаагийн мэдүүлэгт Ж.Сүхбаатар сайд автобустай холбоотой асуудал гаргаж болохгүй санхүүжилт зогсоож болохгүй гэж надад байнга шахалт үзүүлж байсан гэж мэдүүлгээ өөрчилсөн сураг дуулдана.
Мэдээж эцсийн шийдвэрийг мөн л шүүх гаргана. Харин өнөөдрийн хувьд түгжрэлийн сайдын асны хувь заяа хааш эргэхийг бурханч мэдэхгүй.
Чанцалын Бэлгүүтээ
Сэтгэгдэл бичих