Ираны зүгээс Ирак дахь АНУ-ын хоёр цэргийн баазад пуужингийн цохилт өгсөнтэй холбогдуулан Дональд Трамп Тегераны эсрэг эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.
Өчигдөр болсон агаарын цохилтын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Халдлагын улмаас Америк, Иракийн нэг ч иргэн амь үрэгдээгүй. Бид Ираны эсрэг цэргийн хүч ашиглах хүсэлгүй байна” хэмээн ярьжээ. Нэгэнт ноцтой хохирол учраагүй тул зэр зэвсгийн цохилт өгөхийн оронд эдийн засгийн хатуу хориг арга хэмжээг даруй нэмж зарлана гэдгийг онцолсон юм. Иран дайсагнасан байр сууриа өөрчилсөн тохиолдолд хоригийг цуцлах юм байна.
Түүнчлэн Трамп Иран цөмийн зэвсэгтэй болох амбицаа дарах ёстой хэмээгээд Их Британи, Герман, Франц, ОХУ, БНХАУ-ыг 2015 онд Ирантай хийсэн цөмийн гэрээг эргэж харахыг уриалжээ.
АНУ-ын олон нийтийн хэвлэлүүдийн мэдээлснээр Ираны зүгээс Ирак дахь Аль Асад, Ирбил цэргийн баазуудыг онилон 15 пуужин харважээ. Энэхүү ажиллагаа нь өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2020.01.03/ АНУ-ын агаарын цохилтод амиа алдсан генерал Кассем Солейманигийн өшөөг авах зорилготой байсан юм.
Эх сурвалж: NHK
Сэтгэгдэл бичих