Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Солонгосын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Na, Sun Ja нар өнөөдөр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Хоёр орны Эрүүл салбарын ҮЭ-үүд 2012 оноос хамтын ажиллагаа эхлүүлснээс хойш 8 жил болж байгаа бөгөөд энэ удаад Солонгосын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Na, Sun Ja тэргүүтэй 10 төлөөлөгч 10 дугаар сарын 23-27-ны өдрүүд айлчиллаа.
Энэ үеэр найрсаг харилцааг өргөтгөж, салбарын ҮЭ-үүдийн холбоодод эвлэлдэн нэгдсэн гишүүдийн хөдөлмөрлөх нөхцөл, тэдний амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, харилцан туршлага солилцох ажлыг өргөжүүлж, тэдний эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах замаар олон улсын үйлдвэрчний хөдөлгөөний эв нэгдлийг бататгахын төлөө харилцаа холбоогоо улам бүр бататган хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулж хэрэгжүүлэхээр хоёр орны эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоодын удирдагч нар гарын үзэг зурж албажууллаа. Гэрээнд орсон асуудлуудаас дурьдвал:
– Хоёр орны ҮЭ-ийн байгууллагуудын хооронд харилцан айлчлалаар төлөөлөгчид туршлага солилцох /айлчлал жил бүр 12 хүртэл хүн/
– Эрүүл мэндийн салбарын ажилтны хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр зохион байгуулж буй ажлуудаас суралцах, (хамтын гэрээ, хэлэлцээрийн туршлага үр дүн)
– Эмч, сувилагч, бусад ажилтнуудыг хөдөлмөрлөх эрх болон мэргэжлийн чиглэлээр сургалтанд хамруулах
– Сөүл хот болон бусад хотуудын ҮЭ-ийн холбоодтой хамтран ажиллах, харилцан суралцах
– Эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан сувилал байгуулахад дэмжлэг авах хүсэлт (мод тарих, бусад)
– ҮЭ-ийн хороодууд Солонгосын ҮЭ-ийн байгууллагатай хамтран ажиллах
– Олон Улсын болон 2 орны хоорондын сургалт, хурал, зөвлөгөөнийг UNI, PSI хамтран зохион байгуулах зэрэг асуудлуудыг багтаасан үр дүнтэй гэрээ байгууллаа.
Сэтгэгдэл бичих