Энэ жил улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболд, тав давж, начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрснийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсоор зарласан. Э.Оюунболд үүнийг эрс няцаан, Баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн бол Д.Цэрэнтогтох В сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан нь А-тайгаа таарсныг Бөхийн салбар хорооныхон хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон.
Допингийн хариу эцэслэн гараагүй байхад нууц задруулсан гэх үндэслэлээр дээрх хоёр бөх Баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн сурагтай.
Үүнээс улбаалан хуулийн байгууллагынхан допингтой холбоотой асуудлыг дахин нягталж, шалгахаар болжээ. Энэ жил улсын наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авах ажлын хэсэгт багтсан зарим албан тушгаалтныг шалгаж эхэлжээ. Бүр заримд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ. Шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар сольж, олон нийтэд худал мэдээлэл тараасан, албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний хээл хахууль авсан гэх үндэслэлээр тэднийг шалгаж байгаа юм байна.
Үүний сацуу 2009-2019 онд улсын наадамд шөвгөрсөн 109 (давхацсан тоогоор 192) бөхийн допингийн шинжилгээг дахин нягтлахаар болжээ. Тэгэхийн тулд Дэлхийн допингийн эсрэг төвийн БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторид хадгалж буй сорьцуудтай дээрх 109 бөхийн шинжилгээний хариу таарч буй эсэхийг дахин шалгах аж.
Сэтгэгдэл бичих