Зургаан настнууд сургуулийн босго давна. Эцэг эх, асран хамгаалагчид болон зургаан настай багачуудад маш чухал цаг үе ирж байгаа учраас үүнд эртнээс бэлтгэх хэрэгтэйг багш, мэргэжилтнүүд зөвлөж байна.
Хүүхэд сургуульдаа хурдан дасаж, багшийн заасныг төвөггүйхэн сурахад эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо нэн шаардлагатай. Гэтэл тэс өөр орчин хүлээж буй тэднийг хэрхэн бэлдэх, өөрсдөө юу хийх ёстойг мэдэхгүй эсвэл эргэлзэж байвал Юуны өмнө та дараах асуултад хариулж, хүүхэд тань сургуульд бэлэн эсэхийг бодолцож үзээрэй.
- Хүүхдэд тань даалгавраа хийх тохитой орчин байна уу?
- Хүүхдэд биед нь таарсан ширээ сандал байна уу?
- Та өөрөө яаж бэлтгэгдсэн бэ?
- Хүүхэдтэйгээ ажиллах арга техникийг эзэмшсэн үү?
- Хүүхдэдээ үлгэр уншиж өгдөг үү?
- Хүүхдэд тань зурж буддаг ном нь бий юу? Гэх мэтчилэн өөр олон зүйлсийг өөрсдөөсөө асууж үзээрэй.
Хүүхэд бүр өөр, өөрийн онцлогтой тул таны хүүхдийн хийж чадаж буй зүйлийг өөр нэг нь хийж чадахгүй байх, өөр хүүхдийн хийж чадаж буй зүйлийг таны хүүхэд хийж чадахгүй байж болно гэдгийг санаж хүүхдээ бусадтай бүү харьцуулаарай.
Сургуульд орохоос өмнө хүүхдэд үсэг заах шаардлага байдаггүйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Хүүхэд нэгэнт сурсан зүйлээ дахин заалгахдаа сонирхолгүй байдгаас гадна эцэг эхийн заах арга барил багшийнхаас зөрдөг тул хүүхэд эргэлзэж эхэлдэг.
Орчин үед үсэглэж бус үеийн аргаар уншихыг зааж байна. Тиймээс багштай ойр харилцаатай байж багшийн заах аргыг эзэмших хэрэгтэй.