УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр буюу /2020.08.17/ нээлтээ хийсэн юм. Энэ удаа УИХ-аар Монгол улсын төсвийн асуудлыг хэлэлцэх буюу, төсвийн тодотголыг хийхээр болов. Мөн УИХ дахь зарим байнгын хороод чиглэл үүргийн дагуух асуудлаар хуралдаж байна. Тэгвэл өнөөдөр төсвийн байнгын хороо хуралдаж төсвийн тодотголын тухай болон, өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэлийн талаар хэлэлцэв.
Энэ асуудлын хүрээнд 2019 төсвийн гүйцэтгэлд хөндлөнгийн аудитын шалгалт явуулж Үндэсний Аудитын газар дүнгээ танилцууллаа. 2019 онд боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтуудаас 131 тэрбум төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн гэжээ. Мөн төрийн албаны зарим удирдах албан тушаалтнууд зах зээлийн үнэлгээнд 200-300 сая байдаг “Ланд Крузер’ маркийн автомашиныг 800-900 сая буюу 2-3 дахин өндөр үнэлүүлж авсан зөрчил илэрсэн гэжээ. Дээр дурдсан албан тушаалтнууд нь “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал’ ТӨХХК-ийн удирдлагууд болохыг zarig.mn сурвалжлан хүргэсэн байна.