Өнгөрсөн өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд иргэдээс 249 дуудлага мэдээлэл ирснээс зам тээврийн ослын шинжтэй 84 мэдээлэл бүртгэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоочдсон 28 жолоочийг илрүүлж, ослоос шалтгаалан нийт 4 хүн бэртэж, нэг хүний амь хохирчээ.
Өнөөдөр /2020.08.12/ үүрийн 4 цагийн орчимд СХД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэр, Энхтайвны өргөн чөлөө буюу 42-р байрны урд талын төв замаар явган хүний гарцаар зам гарч явсан Улаанбаатар хотын иргэн, 1995 онд төрсөн Н-ийг улсын дугаар нь тодорхойгүй автомашин мөргөж, ослын газар орхин явсан мэдээллийг ТЦА-аас тодрууллаа.
Цагдаагийн байгууллагаас хэргийн газар үзлэг хийж, ослын газрыг орхин явсан жолоочийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан байна. Тухайн тээврийн хэрэгслийг 2004 онд төрсөн иргэн барин, хөдөлгөөнд оролцож явсан бол тухайн иргэний өөрийн тээврийн хэрэгсэл биш танил хүний Toyota Prius маркийн автомашин унаж байсан байна.
Нийслэлд бүртгэгдэж байгаа зам тээврийн ослын дуудлаганы тодорхой хувийг явган зорчигчтой холбоотой зам тээврийн ослын дуудлага эзэлдэг байна. Иймд жолооч та гарцан дээр яваа явган зорчигчид зам тавьж өгөх, анхаарал болгоомжтой явах, үүрээр замын хөдөлгөөнд оролцож байгаа нөхцөлд камер байхгүй, хүн хараагүй сандарсан зэрэг байдлаар ослын газраас зугтаах нь хэргийг илүү хүндрүүлэх аюултайг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.