Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Тэрбээр Монгол Улсад хүрэлцэн ирснийхээ маргааш нь буюу өнгөрсөн баасан гарагт /2019.11.15/ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.
Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг ирэх баасан гарагийн /2019.11.22/ 11.00 цагт хийхээр товложээ. Учир нь, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 21-нд эх орондоо ирэх юм.
Дашрамд дуулгахад, Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр нь өнгөрсөн сарын 31-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн “Корэйн эйр” компанийн онгоцоор үйлчлүүлж байхдаа үйлчлэгч эмэгтэйн өгзгөнд хүрсэн бөгөөд тус улсын хууль, хяналтынхан түүнийг саатуулсан байдаг.
Түүнээс 14 цагийн турш байцаалт авч, хэргийг эцэслэн шалгаж дуустал БНСУ-аас 10 хоногийн хилийн хориг тавьсан юм. Улмаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт тавьсан хилийн хоригийг цуцалж, долоон сая вонноор торгох шийтгэл оноосон байдаг.
Харин Д.Одбаяр өнгөрсөн пүрэв гарагийн /2019.11.14/ шөнө эх орондоо ирсэн билээ.
Сэтгэгдэл бичих