За даа, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн улс төрийн нүүдэл одоо л эхэлж байна. Одоо л гэдэг нь Үндсэн хуулийг хэлэлцэж байх энэ үед тэрбээр парламентын засаглалыг авч үлдэх хөзрөө дэлгэхээр шийдэж. МАН-ынхан нам дотроо нэлээд толхилцож одоо бол нэг талдаа гарч асуудлаа шийдсэн. Гэсэн ч түүний хуйндаа байгаа сэлэм сугарах болоогүй бололтой.
Гадна талаас Ерөнхийлөгч түүний багийнхан Монгол Улс парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдгээ Үндсэн хуулийн эхийг дэмжих эсэхийг Ард нийтийн санал асуулгаар асуухдаа хамт явуулахыг шахсан. Монгол Улсын сонгуулийн насны нийт иргэдийн санал өгсөн хувь нь 50+1 байж, тэр дундаа олонхийн дэмжлэг авснаар Үндсэн хууль батлагдана гэсэн үг. Сант маралын судалгааны тайлангаас харахад судалгаанд оролцогчдын улстөрчдөд итгэх итгэл байнга суларч ирсэн байна. Улстөрчдөд итгэх итгэл буурахын хэрээр парламентын нэр хүнд улам л шавартай хутгалдаж байгаа. Энэ үед Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэмжлэх иргэдийн хувь илүүтэй өсөж байгаа юм. Судалгааны байгууллагуудын дүнгээс ч тодхон харагдах болов. “Путин шиг Ерөнхийлөгчтэй болмоор байна” гэсэн давалгаа цахим орчинд цар хүрээгээ тэлж эхэллээ. Путины арга барил нь Оростоо л таарахаас Монголд яв цав нийцнэ гээд хэн ч хэлчихсэн юм бүү мэд. Путин л өөрөө Путин байхаас яг Путин шиг тийм хүн байна гэж хаа байхав. Сайн, муу хэлүүлсэн ч ардчилал, парламентын засаглал бидэнд өнөөдрийн эрх чөлөөг өгсөн. Молхи бичээч би вээр өөрийн үзэл бодлоо, уншигч та өөрийн орон зайд үгээ хэлэх эрх чөлөө, өмчтэй байх сонголтоос эхлээд маш олон зүйлд ардчилал үүргээ гүйцэтгэж байна.
Энэ үед Ерөнхийлөгч нэг атганд Монгол Улсыг багтаана гэж байгаа нь зүйд нийцэхгүй гэдгийг шулуухан хэлчихье. Хэрүүлтэй уруултай ч энэ хэд маань зөвшилцөж байж шийдвэрээ гаргадаг байя. Парламентын засаглалыг төгөлдөржүүлэх замдаа л хамтдаа алхацгаая.
МАН-ын дарга У.Хүрэлсүх намаа гэхээс илүүтэй улс орныхоо хувь заяаг шийдэхийн тулд УИХ-ыг тараах алхам хийж магадгүй байна. Тэр цаг хугацаа нь ирэх арваннэгдүгээр сар байж мэдэх юм.
Нэгдүгээрт, өмнө нь тэрбээр парламентын засаглалыг дэмждэг хэмээн өөрийн байр сууриа маш тодорхой илэрхийлж байсан. Парламентын засаглалыг авч үлдэх тун цөөхөн вакцины нэг нь энэ парламент нийт гишүүдийнхээ гуравны хоёр буюу 51 гишүүний дэмжлэгтэйгээр өөрсдөө тарах юм. Хоёрдугаарт, өөрийгөө Ерөнхийлөгчийн хүн биш гэдгийг нотлох маш том боломж. Улс төрийн хүрээнээс хальсан хов жив У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэдэг имижийг бий болгоод байгаа. Дамдины Сүхбаатарын үүсгэн байгуулсан 100 жилийн түүхтэй намын дарга нэг хүний гарт орно гэвэл 200 мянган гишүүнтэй нам “будаа” болно биз дээ. Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалд шилжиж болохгүйн учир эрх баригч намын дарга “риск” хийж энэ парламентын бүрэн эрхийн хугацааг долоон сарын өмнө дуусгаж магадгүй. Сайн зүйлд золиос хэрэгтэй. Энэ золиос нь сайн муугаараа хэдэн жил дуудуулсан парламентын гишүүд байж мэдэх юм. Нэгэнт л ард түмэндээ сайнаасаа илүү саараар дуудуулах болсон парламентын нэр хүндийг өргөх боломж нь энэ хувилбар байж магадгүй. Ийм нэг хөзрийг удахгүй У.Хүрэлсүх дэлгэх болов уу. Дахиж сонгогдохгүй байж магадгүй зарим нэг нөхөд хүлээж авахгүй гэж гөжих л байх. Гэхдээ олонхио дагаад шийдчихнэ.
Монголд шударга ёсыг тогтооно гэж тунхаглан гарч ирсэн У.Хүрэлсүхийн сэлэм одоо сугарах ёстой. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Санал асуулгыг Улсын Их Хурлын эсхүл, Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулж байгаа бол сонгуулийн санал авах хэсэг нь санал асуулгын санал авах хэсэгтэй нэг байна” хэмээн заасан. Тиймээс уг хуулийн хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг Ард нийтийн санал асуулга хийхдээ УИХ-ын сонгуультай хамтатган явуулах эрх зүйн боломж бий. Ийм боломжийг алдах учиргүй юм. Энэ гарцаа ч тэд мэдэж байгаа. Тэр утгаараа ээлжит бус сонгуулийг явуулж парламентын засаглалаа авч үлдэх хэлбэр рүү явах нь зөв. Одоо харин УИХ өөрөө тарах саналыг өргөн барьж, УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын “өөрсдөө таръя” гэдэг 51 гишүүний кноп хэрэгтэй. Үүнийг далимдуулж Ерөнхийлөгч онц байдал зарлаж мэднэ гэдэг бор шуваа Төрийн ордонд нисээд эхэлж. Гэхдээ тэр хэмжээнд хүргэлгүй наагуур нь асуудлаа шийдчих хэмжээний арга ухаан 20 гаруй жил улс төрд явсан хүнд байж л таараа. Бусад нь ч зөвлөнө.
Их хурал өөрөө тарсан тохиолдолд намаас нэр дэвших хүмүүсээ сонгоно. Тэр үед ЖДҮ, концесс, 60 тэрбумд нэр холбогдсон хүмүүсээ хайр найргүй цавчиж чадсанаар тэр шударга ёсны салхийг сэвэлзүүлэх юм. Үүнийгээ ч У.Хүрэлсүх Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр тов тодорхой хэлсэн. “Та нарт ямар ч боломжгүй олгохгүй шүү” гэдэг агуулга байсныг өнөөдөр уншиж болохоор байна. Ийм зоригтойхон алхам хийхгүй бол ард түмэн өөрийг нь сонгуулиар цавчиж мэднэ. Тиймээс хэлсэн үгэндээ эзэн болж ард түмний шударга ёсны тэр цангааг тайлах ёстой. Монголчууд У.Хүрэлсүхээс ийм л зоримог шийдвэрийг хүлээж байгаа. Монгол Улсад замбараагүй явж ирсэн уул уурхайтай тэр тэмцээд эхэлсэн. Одоо хариуцлагатай уул уурхай хөгжих боломж бий боллоо. Их хурал тарснаар дараагийн сонгуульд авлига, албан тушаал, луйврын хэрэгт орооцолдоогүй нэр цэвэр хүмүүсээ нэр дэвшүүл. Ингэж л тэр улс төр дэх цэвэрлэгээг намаасаа хийх юм.
МАН сонгуульд орохдоо урдаа барих том бамбай нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт. Тиймээс нийгмийн хүсэн хүлээсэн тэд хариулт өгөхөөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусган баталсан. Ард түмнээс асуух том шалгуур бий. Гэхдээ өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 108 болж нэмэгдүүлэх, бүрэн эрхийн хугацаа нь таван жил болгох Ерөнхийлөгчийн саналыг дэмжилгүй буцаасан. Ард түмний хүсэлт нийцээгүй тул тэд ийн шийдвэрлэсэн юм. 76 хоолны савыг 108 болгож нэмэгдүүлэхийг иргэд хүсээгүй. Цаашид ч хүсэхгүй. Мөн стратегийн ордын 51 хувь нь төрийн мэдэлд байх заалтыг дэмжсэн. Ингэснээр Оюу толгойн 66 хувиас 15 хувь нь төрийн мэдэлд ирнэ гэсэн үг. Оюу толгойн гэрээн дээр шүүмжлэлтэй байдаг ард түмний хувьд тунчиг гоёхон мэдээ болоод байгаа билээ.
Энэ мэтчилэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард түмэн дэмжих хэлбэрээр тэд батлаад байгаа юм. Одоо Их хурал өөрөө тарах хэрэгтэй. Хэрэв ингэж чадсан тохиолдолд У.Хүрэлсүхийн гавьяа тэр. Лидерийн эрэлд хатсан МАН-ынханд шинэ цонх албан ёсоор нээгдэнэ гэсэн үг. Тэр одоо хөзрөө дэлгэх цаг болсон. Түүний дараагийн нүүдэл парламентын засаглалыг авч үлдэхийн төлөөх ээлжит бус Их хурлын сонгуулийг явуулж, янз бүрийн хуудуутай зүйлд нэр холбогдсон хүмүүсээ нэг мөсөн намаасаа зайлуулах цаг иржээ.
Сэтгэгдэл бичих