Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”, “МҮЭ-үүдийн өдөр”, “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд болон “Монголын эмч нарын VI их хурал”-ыг угтан зохион байгуулсан “ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ оны 8 дугаар сарын 15-ны өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний хурал нь эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг улсын, салбарын, мэргэжлийн байгууллагын хэмжээнд салбарын эмч, мэргэжилтэн, багш, судлаач, ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнуудын бүтээж туурвисан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, харилцан туршлага хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилготой ажээ.
Эрдэм шинжилгээний хуралд нийслэл хот болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ҮЭ-ийн хорооны дарга, идэвхтэн сонгуультнуудын төлөөлөл нийт 100 гаруй хүн хамрагджээ.
Эрдэм шинжилгээний хурлын сэдвүүд нь эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой бүхий л тулгамждаж буй асуудлуудыг улсын, салбарын, мэргэжлийн байгууллагын хэмжээнд хийсэн дараах чиглэлээр бүтээлээ боловсруулж оролцсон байна. Үүнд
- Хөдөлмөр эрхлэлт
- Цалин хөлс
- Нийгмийн хамгаалал
- Ажилчдын эрүүл мэнд
- Хөдөлмөрийн нөхцөл, орчин
- Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал
- Эрүүл мэндийн ажилтны эрх зүйн хамгаалал гэх мэт сэдвийн хүрээнд судалгаа шинжилгээ, баримт нотолгоонд тулгуурлан хийж цаашид эрүүл мэндийн салбарын хэмжээнд анхаарал хандуулах дорвитой бүтээлүүд гарсан үр дүнтэй хурал боллоо.
Тус хуралд шүүгчээр АШУҮИС-ийн Био анагаахын сургууллийн харилцааны ур чадварын тэнхимийн эрхлэгч, доктор профессор С.Наранчимэг, ХНХДС-ийн багш доктор профессор Ж.Дашхүү, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Д.Ганцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга, докторант Б.Мягмар нар ажилласан байна.
Удирдамжийн илтгэл бэлтгэж заасан хугацаанд бүтээлээ ирүүлсэн 30 гаруй илтгэлээс урьдчилсан шалгаруулалтаар 12 илтгэлийг тус эрдэм шинжилгээний хуралд оруулан илтгэл тавьж, шүүгчид болон оролцогсдын сонирхсон асуултанд хариулж хэлэлцүүлсний зэрэгцээ тус эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд бүх судлаач нар өөрсдийн бэлтгэсэн постер илтгэлийг танилцуулснаар хурлын үйл ажиллагаа өндөрлөж шүүгчдийн нэгдсэн үнэлгээгээр судлаач нарын бүтээлүүдийг шалгаруулсан байна. Үүнд:
1-р байранд Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн Д.Цэвээнжав, Х.Гэрэлчимэг, Х.Ариунаа,Б.Нарангэрэл, “Мэнд-Арвижих” өрхийн ЭМТ-ийн Д.Цэцэгсүрэн, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Г.Амаржаргал нарын “Эмч, сувилагч нарын сэтгэл гутрал,сэтгэл түгшилтийг үнэлсэн ажлын дүн” сэдэвт бүтээл шалгарч “Батламж” 1000.000 төгрөг,
2-р байранд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Г.Намуунцэцэг, С.Хулан, Б.Баттуяа, Л.Баттөр нарын “Шөнийн ээлжийн ажилтнуудын биеийн жингийн илүүдэл, нойрны эмгэг, хоолны дуршлын эмгэг болон стрессийн түвшингийн хамаарлыг илрүүлэх нь” сэдэвт бүтээл шалгарч “Батламж” 800.000 төгрөг,
3-р байранд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн Б.Одончимэг, Ч.Цолмон, Эрүүл мэндийн газрын Э.Ариун-Эрдэнэ, Р.Гандиймаа, АШУҮИС-ийн НЭМС-ийн Эпидемиологи биостатистикийн тэнхимийн Ш.Оюун-Эрдэнэ нарын “Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилчдад хийгдсэн Гепатит В вирусийн эсрэг вакцины дараах дархлаа тогтцыг судалсан дүн” сэдэвт бүтээл шалгарч “Батламж” 500.000 төгрөг,
Тусгай байранд:
- Хүрээ амаржих газрын эх баригч бага эмч С.Оюуны “Хүрээ амаржих газрын эмч, ажиллагсдын эрүүл мэндийн байдал болон хөдөлмөрийн чадвар түр алдалтанд хийсэн судалгаа”
- Баянбэгир өрхийн ЭМТ-ийн эмч Б.Оюун-Эрдэнийн “Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн ажлын ачааллыг судлах нь”
- Баянгол дүүргийн ЭМТ-ийн Ч.Оюунбилэг, Сувилахуйн амьдрал төвийн тэргүүн Т.Сүрэнхай нарын “Сувилагчийн ажлын тайланд гардан үйлдлийн ажилбарыг тэмдэглэсэн байдал” сэдэвт бүтээлүүд шалгарч тус бүр “Батламж” 150.000 төгрөг,
Ханын постер илтгэлээр:
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Л.Ундармаа “ УНТЭ-ийн эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийн чадвар түр алдалтын байдлыг судалсан нь”
- Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн Г.Ариунзул, Э.Цэнд-Аюуш, С.Отгонбилэг, Б.Энхчимэг нарын “ Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлаас халшрах хам шинжийг стерссийн түвшинтэй харьцуулан судлах нь”
- Геронтологийн үндэсний төвийн Б.Золзаяа, Л.Сарантуяа, М.Энхбаяр, Д.Болор, Т.Дулмаа, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Э.Пүрэвсүрэн нарын “ Эрүүл мэндийн ажилтнуудын стрессийн түвшинг ажиллах нөхцөлтэй холбон судалсан нь” сэдэвт бүтээлүүд шалгарч тус бүр “Батламж” 150.000 төгрөгөөр шагнагдлаа.
Эрдэм шинжилгээний хуралд зориулж судлаачдын бүтээлээр ном эмхтгэн гаргасан байна.
Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн судлаач нар болон оролцсон эмч, мэргэжилтнүүдэд 1 кредитийн гэрчилгээ олголоо.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо
Сэтгэгдэл бичих