Тост, Тосон бумбын нуруу хэмээх байгалийн үзэсгэлэнт газар нь экологийн эмзэг систем гэдгийг гадна, дотны эх сурвалжтай байгаль орчны үнэлгээ, судалгаа тогтоосон учраас 2015 онд тэр үеийн нэрээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам тэр орчмын 893 мянган га газрыг тусгай хамгаалалт авах саналыг УИХ-д оруулсны дагуу УИХ-ын тогтоолыг батлан гаргасан юм. Харин уг тогтоолын дагуу тусгай хамгаалалтад авах газрын хилийн заагийг Засгийн газар тогтоох ёстой байсан бөгөөд УИХ-ын тогтоол батлагдсанаас жилийн дараа 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар хилийн заагийг тогтоох тухай тогтоолыг баталсан байдаг. Ингэхдээ “Саут гоби коал транс” компанийн уурхайн лицензтэй талбайн 153 мянган га газрыг тусгай хамгаалалттай газрын хилийн гадна үлдээсэн юм.
Тухайн үеийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий дээрх компанид давуу эрх олгосон шийдвэр гаргасан төдийгүй уурхайн үйл ажиллагаанаас нь болж говийн ус, булаг, шанл ширгэж, хүн мал ундны усгүй, цаашлаад ургамал, ан амьтан амьдрах нөхцөлгүй болох аюул ирээдүйд төсөөлөгдөж байгаа юм.
Үүнтэй эвлэрч чадахгүй байгаа нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд өнөөдөр (2019.08.09) Төрийн ордны Иргэний танхимд “Тост, Тосон бумба” хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Энэ үеэр “Сауд гоби коал транс” компанийн Баянтэс уурхайн төслийн менежер Д.Сүхтулга өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн юм.
Олборлолтын үйл ажиллагаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зэргийнхээ талаар тайлбарлах явцдаа тэрбээр байгаль орчны үнэлгээний олон улсын TNC компанийн Тост, Тосон бумбын нурууны экосистемийн судалгааны дүгнэлтийг эшлэхдээ дараах слайдыг үзүүлсэн.
“Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах ёстой” гэж TNC компани үнэлгээгээр тогтоосон бөгөөд хилийн заагийг гаргахдаа Баянтэсийн уурхайн талбайн дээд хэсгээр буюу зураг дээр ногооноор харагдаж байгаа байдлаар тогтоосон хэмээн тайлбарлалаа.
Зураг дээр Баянтэсийн уурхайн лицензтэй талбай зураг дээр цагаанаар харагдаж байгаа тэр хэсэг нь аж.
Үүнийг сонссон хэлэлцүүлгийн оролцогчид нэрхийтэл инээлдсэн нь тэдний бухимдлынх л нэг хэлбэр байв.
Судалгаа, үнэлгээ, хууль тогтоомжийг ийм байдлаар өөрсдийн талд гаргуулж чаддаг хэтэрхий цайрсан үйлдлийг нь л иргэд эсэргүүцэж байгаа. Энэ зураг дээрх шиг худал хуурмаг зүйлдээ тэд өөрсдөө хэтэрхий итгэжээ. Хэлэлцүүлгийн оролцогчид лав үүнд нь итгэж, үнэмшиж чадсангүй.
Сэтгэгдэл бичих