“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулж буй “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД
-Өнгөрсөн жил гаруйн хугацаанд УИХ-ын таван гишүүн нэгдэж, “Баялагтай эзэн” бүлэг байгуулж ажиллалаа. Бид баялагтаа эзэн байх зорилгоор хэд хэдэн тэмцэл зохион байгуулсан. Баялагтаа эзэн байх бол бидний гол зорилго. Энэ бүх түүхийг өнөөдөр бүтэн өдрийн зөвлөгөөнөөр эхнээс нь ярих гэж байна. МАНАН-гийн түүх, бузар булхай гэмт хэргийг өнөөдөр нэг бүрчлэн он цагийн дарааллаар нь ярих хэрэгтэй. Энэ хэлэлцүүлэг энэ асуудлыг хэлэлцэнэ. Өнөөдөр байгаль орчны баялгийг сүйтгэж байгаа гэмт хэрэг, лиценз бүрийн цаана юу нуугдаж байдгийг ярих хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл бидний тэмцэл ялагдсаар ирсэн ч багагүй амжилтад хүрсэн. Эрдэнэт, Асгат, Багануурыг буцааж авсан. Цаашдаа Оюу толгойг бид анхаарах хэрэгтэй байна. Хамгаалан тэмцэж буй байгалиа энэ тулаанд алдах юм бол Монголыг авч үлдэх нь бэрх болж ирнэ. УИХ тогтоол гаргачихаад байхад Засгийн газар нь хууль бус тогтоол гаргадаг нь ямар учиртай юм бэ. Одоо бидэнд арагшаа ухрах нэг ч алхам байхгүй. УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэр гаргах хэрэгтэй. Үүний эсрэг УИХ-ын таван гишүүн хөдлөхөд бэлэн байна. Иргэдээ дэмжихэд бэлэн. Эх орныхоо төлөө тэмцэхэд бэлэн. Одоо харин Монголын ард түмэн сэрэх хэрэгтэй байна.
Сэтгэгдэл бичих